Наадамд 870 сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулах хороо өнөөдөр өргөтгөсөн хурал хийж, наадмын бэлтгэл ажлуудын талаар ярилцлаа.Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны мэдээлснээр Улаанбаатар хотноо ид өрнөж буй зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Нийт 47 зам, уулзварт 12720 м2 хэвтээ тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэг хийж, 38 замд 25000 м2 урсгал засвар, 6 гүүрэнд урсгал засвар, орон сууцны хороолол доторхи 20 км автозамын шинэчлэл, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажлаас 22-ын товчооноос Дархан-Уул аймаг руу салдаг уулзвар хүртэлх 7 км замын хучилтыг хийж дуусгах юм байна. Мөн Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгахаар ажиллаж байгаа аж.

Мөн 140 км явган замыг шинэчилж, бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай 34-г байгуулж, 28 байршилд цэцгийн мандал 8000 м2, шинээр 80600 м2 талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийж дуусгана гэдгээ салбар хорооныхон мэдээлжээ.  Өнөө жилийн Улсын их баяр наадмыг нийтдээ 870 сая төгрөгт багтаан тэмдэглэхээр төлөвлөсөн агаад 28,3 хувь нь наадмын бэлтгэл ажлыг хангах зардалд, 32,5 хувь нь бай шагналд, 27,2 хувь нь зайлшгүй хийж гүйцэтгэх ажилд зарцуулагдахаар тооцжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top