Хошиказе Б.Амармэндийг хэлмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Сумогийн холбооны удирдах зөвлөлийн онцгой хуралдаан мягмар гарагт болж, манай сумоч Хошиказе Б.Амармэнд болон Хятадын  бөх Сококурай нарыг их спортоос нь хөөх шийдвэрийг гаргасан. Гэвч Хошиказе Б.Амармэнд даваа унаагаа наймаалцаагүй хэмээн Сумогийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр энэ хэрэгт хамаагүй тул сайн дураараа зодог тайлах ёсгүй гэж үзэж байгаа аж. Хэрвээ энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрвөл найраа хийсэн гэж хүн бүрт ойлгогдоно хэмээжээ. Б.Амармэндийн энэхүү мэдэгдлээс Сумогийн холбоо түүнийг өмнө нь зодог тайлахаар болсон бөхчүүдийн адил хэлмэгдүүлсэн нь илт байна. Хамгийн сонирхолтой нь Хошиказе Б.Амармэндийн дэвжээний эзэн Огурума түүнийг асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг анхааруулсан байна. Огурума оёката Хошиказе Б.Амармэндтэй энэ асуудлаар ярилцахаа Сумогийн холбоонд мэдэгдсэн гэнэ. Түүний мэдэгдлээс Сумогийн холбоо бөхчүүдийг дарамтлан хилс хэрэг хүлээлгэж буй нь илт байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Сумочид сайн дураараа зодог тайлах өргөдлөө өгөөгүй тохиолдолд тухайн бөхийг хүчээр зодог тайлуулдаг. Энэ тохиолдолд сумочдод ямар ч тэтгэлэг, цалин олгодоггүй аж. Хошиказе Б.Амармэндийг энэ оны нэгдүгээр сарын башёд Чиёхакухотой тааран барилдахдаа “найраа хийсэн” гэж үзэж, сайн дураарааа зодог тайлахыг шаардсан байна. Өмнөх 23 бөхийг ч иймэрхүү маягаар  дарамтлан зодог тайлуулсан байх магадлал маш өндөр байгаа юм.

Эх сурвалж: ”Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top