Олимпод манай баг тамирчид алтны туяатай өнгөөр гангарна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Хүн төрөлхтний эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл зуны Олимпын наадам хоног хоногоор ойртсоор байна. Дэлхий нийтээрээ олимпод анхаарлаа хандуулж байгаа энэ үед ямар улс орон ямар хувцсаар гоёх бол гэдэг асуулт гарч ирдэг. Учир нь Олимпын нээлтийн үйл ажиллагаанд баг тамирчдын өмсөх ёслолын хувцас нь тухайн орны нүүр царай болдог байна. Энэ удаагийн “Лондон-2012” Олимпын нээлтэд өмсөх манай баг тамирчдын хувцсыг “Шилмэл загвар” ордны дизайнер Б.Цогтгэрэл урлаж байгаа аж. Манай баг тамирчид алтан медаль авахыг бэлгэдэж, алтны туяатай ногоондуу шаргал өнгийн хувцсаар гангарах гэж байна. Олимпод оролцох эмэгтэй тамирчид ерөнхийдөө бариу загварын цагаан цамц, пиджак юбка өмсөх бол эрэгтэйчүүд бага зэргийн дүүжин загвартай өмдтэй хослолоор гоёно. Эрэгтэй эмэгтэй пиджакны энгэрт Олимпийн таван цагираг байх ба доод талд болон баруун мөрний дээд талд “Mongolia” гэсэн бичгийг алтан утсаар хатгаж өгөх ажээ. Энэ удаагийн хувцасны бас нэгэн онцлог нь ороолтны загвар бөгөөд төрийн далбааны улаан, цэнхэр, өнгийг хослуулсны зэрэгцээ дээр нь монгол хээг хатгах юм. Малгайны хувьд 20-р зууны эхэн үед дэлгэрч, эргээд энэ зун моодонд орж буй “Booter hat” загварыг сонгожээ. Мөн гутал, тэлээ, бүс гээд бүх загварыг гаргахаар ажиллаж байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top