Америкийн Forbes сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй 100 тамирчныг шалгаруулжээ. Энэхүү рейтингийн үзүүлэлтийг жил бүр гаргадаг ба тамирчдын сүүлийн 12 сард авсан цалин хөлс, шагнал урамшуулал, реклам зар сурталчилгаанаас олсон орлого зэргийг нь тооцдог аж.
Энэ жилийн жагсаалтыг 35 настай америкийн шилдэг боксчдын нэг Флойд Мэйвэзер тэргүүлжээ. Тэрээр өнгөрөх жил 85 сая доллар олсон байна. Ингэхдээ тус бүр нь нэг цагаас бага үргэлжилсэн хоёрхон удаагийн тулааныг рингэнд хийн эхний удаад 40 сая, хоёр дахь тулаанаар 45 сая долларыг авсан ажээ.
Жагсаалтын хоёрт Филиппиний боксчин Мэнни Пакьяо оржээ. Тэрээр саяхан дунд жингийн дэлхийн аваргын титмээ алдсан ч Nike, Hewlett-Packard, Hennessy гэх мэт алдартнуудтай хамтарч ажиллан 62 сая долларын орлого олж чаджээ.
Гуравт дэлхийн хамгийн алдартай гольфчин Тайгер Вудс жагсчээ. Тэрээр сүүлийн 10 жил Forbes-ын жагсаалтыг тогтмол тэргүүлж байгаа аж. Өнгөрсөн жил 60 саяыг олсон нь урд жилээсээ даруй 16 сая доллараар буурсан байна. Үүний гол шалтгаан нь түүний гэр бүлийн зөрчлөөс үүссэн ажээ.
Дөрөвдүгээр байранд америкийн сагсан бөмбөгчин Леброн Джеймс бичигджээ. Түүний хөлс 53 сая доллар. Тавд швейцарийн алдарт теннисчин Роджер Федерер оржээ. Түүний орлого 52 сая 700 мянган долларыг бүрдүүлжээ. Тэрээр рекламны 9 компанитай хамтарч ажилласнаар 30 сая долларыг жил бүр тогтмол олдог байна.
Forbes-ын 100-ын жагсаалтад хоёрхон эмэгтэй теннисчин багтсан байна. 26-р байранд Оросын теннисчин Мария Шарапова 28 сая доллараар оржээ. Тэрээр энэхүү орлогын ихэнх хувийг Evian, Nike, Samsung, Tiffany брендийн зар сурталчилгаанаас олдог ажээ. Нөгөө нэг эмэгтэй нь хятадын теннисчин Ли На нилээн хойгуур 81-д жагсчээ. Түүний орлого харьцангуй бага 18 сая доллар аж.
Жагсаалтын эхний арав дотор NBA-н 5 удаагийн аварга Los Angeles Lakers-ын Коби Брайант, америкийн гольфчин Фил Микельсон нар багтжээ.
Хөл бөмбөгчдөөс хамгийн үнэтэй нь Los Angeles Galaxy-н Дэвид Бекхэм, Real-н хагас хамгаалагч Криштиан Роналди нар юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )