Зүүн Азийн шатрын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Вьетнам улсад энэ сарын 10-19нд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 11 орны шатарчин оролцсон бөгөөд өчигдөр тэмцээний дүн гарчээ. Манай улсаас найман тамирчин явсан бөгөөд тэд өнөөдөр дөрвөн медальтай эх орондоо ирсэн юм. Тэмцээний 20 насны рапит буюу эмэгтэй 25 минутын төрөлд 22 шатарчин өрсөлдсөнөөс Олон улсын хэмжээний мастер, Сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул алтан медаль хүртжээ. Шатрын блиц буюу түргэвчилсэн 10 насны ангилалд 35 шатарчин оюун ухаанаа уралдуулснаас Т.Мөнхзул найман оноогоор Зүүн Азийн аварга боллоо. Харин Стандарт шатрын эрэгтэйчүүдийн төрөлд 55 шатарчин өрсөлдсөнөөс 10 насны ангилалд Э.Баасансүрэн 6,5 оноогоор хүрэл медаль, 16 насны эмэгтэй Стандарт төрөлд Б.Янжинлхам 6,5 оноогоор мөнгөн медаль тус тус хүртлээ. Мөн Олон улсын хэмжээний мастер, Сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул энэ сарын 23-наас ирэх сарын 1-ний хооронд Шриланк улсад болох Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаан үлдсэн байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )