“ETV HD” телевиз хоёр жилийн ойн босгон дээр үзэгчиддээ барих бэлэг-ЕВРО-2012
“Тод харуулна...” хэмээх уриатай ETV HD телевиз, Монгол Улсын телевиз хэмээх их айлд нэгдээд даруй хоёр жил болж байна. Үзэгчдийн оюуны хэрэгцээ өндөр болсон энэ цаг үед тус телевизийн уран бүтээлчид уран сайхны төрөл бүрийн нэвтрүүлэг шинээр бэлтгэн нэвтрүүлж үзэгчдийн сонирхлыг татаад байгаа билээ. Энэ ч утгаараа ETV телевиз цаг хугацаатай зэрэгцэн алхах бус, харин цаг хугацааны хөтөч болж олон улсын жишигт нийцүүлэн HD систем рүү шилжүүлсэн аж. Монголд анх удаа HD системээр ‘’Евро-2012’’ Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг авсан ETV HD телевизийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяртай уншигч таныг уулзуулж байна.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. ETV HD телевиз харьцангуй залуу телевизүүдийн нэг хэдий ч олон улсын нэр хүндтэй тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг авч Монголд Анх Удаа HD системээр хөлбөмбөгийн тэмцээнийг үзэгчдийн хүртээл болгож байна. Евро-2012 Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний талаар яриагаа эхэлвэл зүйтэй болов уу?
Уншигч таны энэ өдрийн амгаланг айлтгая. Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг Монгол улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг “Таны телевиз” уриатай ТВ9 телевизтэй хамтран авч, үзэгчдэд хүргэж байгаадаа сэтгэл өндөр байна. ТВ-9 телевизийн хувьд өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулж байсан арвин туршлагатай. Иймээс “Евро-2012” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа нь бидний хувьд телевизийн салбарт хийж буй томоохон алхам юм. Дээрх хоёр телевиз нь оюуны өмчийг дээдэлсэн телевиз гэдэг утгаараа дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Евро-2012” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэй, оюуны өмчийн хамгаалалттай, дуу дүрсний өндөр чанар бүхий HD системээр үзэгчдийн хүртээл болгож байгаа. Энэ дашрамд дуулгахад үзэгчдэд “Евро-2012” тэмцээнийг дэвшилтэт технологи болох HD системээр хүлээн авч үзэх боломжийг олгож буй “Univision” болон “Сансар Медиа Групп”-ийн хамт олонд талархал илэрхийлье.
ETV HD телевиз байгуулагдаад 2 жил болсон байна. Оюуны өмчийн зөвшөөрөлтэй контент нэвтрүүлэг, кино бүтээлийг үзэгчдэд хүргэх тал дээр ямар алхмууд хийж байна вэ?
21 дүгээр зуун бол мэдээ мэдээллийн хурдацтай хөгжлийн зуун юм. Энэ ч утгаараа мэдээлэл, нэвтрүүлэг, контент үйлдвэрлэгч нь зохиогчийн эрхийг зүй ёсны дагуу эзэмшдэг. Иймээс гадны орнуудын кино, уран бүтээлийг шууд интернэтээс хуулж аваад, оюуны өмчийн эрхгүйгээр үзэгчдэд хүргэе гэж бодохгүй байна. Бид хуулиа дээдэлсэн, үзэгчдээ хүндэтгэсэн телевиз байхын тулд оюуны цангааг тайлах сор болсон бүтээлүүдийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дамжуулан үзэгчдэд хүргэх гүүр байх ёстой. Зүгээр нэг яриад өнгөрөх биш, харин үйлдэл дээрээ хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын маань нэг учраас онцлон хэлж байгаа юм. ETV HD телевиз одоогоор БНСУ-ын КBS, SBS, MBC телевизүүдтэй гэрээ хийж, албан ёсны эрхтэйгээр кино, контентуудыг гаргаж байна. Үүний нэг жишээ нь бид энэ сард SBS телевизийн бүтээл, Солонгосдоо хамгийн өндөр өртгөөр бүтсэн “Дайны сахиусан тэнгэр” киног онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байна. Түүнчлэн “Лондон 2012” зуны олимп, “Евро-2012” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг нэрлэж болно.
Технологийн хөгжлийн хурдцыг дагаад ETV телевиз гадаад харилцаандаа хэрхэн анхаарч байна вэ?
Манай телевиз 2012 оныг “Гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд олон ажлуудыг хийж байна. Үүний тод жишээ нь ETV HD телевиз Ази Номхон Далайн Орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо буюу ABU -ийн албан ёсны эрхт гишүүн болсон. Энэхүү холбоонд гишүүнээр элссэнээр гадаад харилцаагаа баталгаажуулах томоохон алхам болсны зэрэгцээ Азийн телевизийн холбооны гишүүн телевизүүдтэй хамтран ажиллах, боловсон хүчин солилцох, дэвшилтэт технологийг байнга нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа юм. Мөн дэлхийд нэрээ дуурсгасан Reuters мэдээллийн агентлагтай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж, энэ оны гуравдугаар сард албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан. 2011 онд Малайзын “Медиа Прима” групптэй хамтын ажиллагааг эхлүүлж, телевизийн 28 ажилтныг тус группийн дэргэдэх телевизүүдэд үе шаттай сургалтанд хамруулан, боловсон хүчнээ мэргэшүүлсэн. Энэ жил Австрали улсын Засгийн Газрын санхүүжилтээр сэтгүүлч, редактораа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж байна. Мөн ОХУ, БНХАУ, АНУ-ын Лас Вегас, Лос Анжелос, Хонг Конг гээд олон улсад сэтгүүлчдээ ажиллуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх, хүний нөөцөө дэмжих томоохон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. ETV HD телевизийн хувьд цаашид ОХУ-ын REN TV, STS телевизийн контент нийлүүлэгч “Yellow black and white”, “Первый канал”, ХБНГУ-ын “Your family entertainment”, Их Британий “Reuters” гээд телевиз, мэдээллийн агентлагуудтай хийсэн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх бодлого барьж байна.
Азийн телевизийн холбоо маш өндөр шалгуураар гишүүнчлэл олгодог гэсэн.
Тэгэлгүй яахав. Азийн телевизийн холбоо гэдэг нэг улсын байгууллага бус, улс үндэстэн дамнасан, хил хязгааргүй, дэлхийн 203 телевизийг эгнээндээ багтаасан томоохон холбоо. Энэ ч утгаараа тухайн байгууллагын хамрах цар хүрээ, нэр хүндийг дагаад тус холбоонд орох босго төдий чинээ өндөр. Манай телевизийн хувьд техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа байнга нэвтрүүлэн, телевизийн суурь баганыг бат бөх босгосон учраас техникийн болон боловсон хүчний талаасаа Азийн телевизийн холбооны гишүүн байх болзлыг хангасан. Азийн телевизийн холбооны хуралд зөвхөн Азийн телевизүүд багтдаг гэж ташаа ойлгож болохгүй. Үүнд үзэгч, уншигч та бүхний мэдэх, BBC телевизээс эхлээд Германы “Дойче Велле” телевиз хүртэл багтдаг. Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр дөрвөн уулын дундах орон зайд өрсөлдөх бус, харин даяарчлагдаж буй энэ цаг үед дэлхийн томоохон телевизүүдтэй хүчээ үзэх, тэдний сайн талыг судлах, нэвтрүүлэх, өөрийн контентыг дэлхийд гаргахын тулд ажиллах цаг болсон гэдгийг хэлмээр байна.
Нэг дэлхий гэсэн ойлголт өнөө цагт хүчээ авч Монгол, Хятад, Орос, АНУ гэсэн хүрээ хязгаараас хальж, даяаршил гэсэн ойлголтыг хүн бүр ярих болсон. Энэ ч утгаараа бид Төв Азид бие даан орших бус, соёл иргэншил, мэдээ мэдээллийн асар том орон зайд дэлхийн бусад оронтой өрсөлдөх учиртай.
Евро-2012 тэмцээн, манай УИХ-ын сонгуультай ид давхцаж байгаа. Танай телевизийг улс төрөөс холуур, Евро-2012 тэмцээнд гол анхаарлаа хандуулж байгаа гэж ойлгож болох уу?
Тийм. Үзэгчдийн хүсэл зориг хаана байна телевизийн урлаг тэнд байх ёстой. Энэ ч утгаараа бид үзэгчдийн хамгийн их сонирхдог уралдаан, тэмцээн, контентуудыг цаг алдалгүй хүргэхийн тулд ажиллана. Улс төрийн сонгууль өрнөх зургадугаар сард ETV HD телевиз өөр өнгөөр ялгарч, эв нэгдэл гэх их хүчийг агуулсан, дөрвөн жилд ганц удаа тохиох “Евро -2012” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг манай хамт олон тод харуулна... Энэ нь ч үзэгчдийн хүсэл зоригт нийцэж байгаа учраас үзэгчдээс манай телевизэд хандсан талархал, санал хүсэлт их ирж байгаа. Ер нь дэлхийн улс орнуудад хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн тэмцээнийг мэргэжлийн Монгол тайлбартайгаар орон даяар хүргэнэ гэдэг телевизийн хувьд нэр төрийн хэрэг гэж би хувьдаа дүгнэж байна. Энэ дашрамд сонирхуулахад “Евро -2012” тэмцээнийг дэлхийн улс орнуудад нийт 250 сая хүн үзэх судалгаа гарсныг зохион байгуулах хорооноос танилцуулж байсан. Ингэхээр энэ зургадугаар сард ТВ9 телевиз болон ETV HD телевиз дээр үзэгчид сувгаа тохируулан спорт гэх их гэр бүлд нэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төржих нь элбэг. Ер нь “Улс төр-хэвлэл мэдээлэл” гэх уялдаа холбоотой ойлголтын талаар та ямар бодолтой явдаг вэ?
Улс төр - хэвлэл мэдээллийн тухай ойлголтыг ярихын тулд засаглалын тогтолцоог эргэн харах хэрэгтэй болно. Монгол Улсад засаглалын гурван тогтолцоо байна. Пирамидаар дүрсэлвэл, гурвалжингийн гурван өнцөг буюу шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал бие биенээсээ хараат бусаар, бие даан оршдог. Эдгээр засаглалын системд албан бусаар ганцхан засаглал хүчтэйгээр түрэн орж ирдэг нь яах аргагүй Хэвлэл мэдээлэл буюу дөрөв дэх засаглал. Дөрөв дэх засаглал эдгээр гурван засаглалаас хэзээ ч хараат байх ёсгүй, харин ч хяналтын чиг үүргийг гүйцэтгэх учиртай гэж бодож явдаг.
Монголын Радио Телевизийн Академийн захирлын хувьд та Монголын телевизүүдийн хөгжил ямар түвшинд яваа талаар бодлоосоо хуваалцаач?
Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хурдацтай хөгжиж, сэтгэлгээ их задарч байна. Дэлхий нийтэд техник технологийн хөгжил жилээр биш цаг минутаар хэмжигдэж байгаа өнөө цагт манай улсын хэвлэл мэдээллийн салбар ч энэхүү хөгжлөөс хоцроогүй. Бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж байгааг өнөөдрийн телевиз, радиогийн хөгжил мөн цахим сэтгүүлзүйн орон зай иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг болсноос харж болно. 1990 оны дунд үеэс ганц нэгээрээ байгуулагдаж байсан арилжааны телевизүүд өнөөдөр тоогоо нэмж, хэлбэр болоод агуулгын хувьд оюун санааны хувьсал хийж байна. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд цахим сэтгүүлзүй, онлайн ертөнцийн мэдээлэл гэрлийн хурдаар иргэдэд мэдээлэл өгдөг болсон нь бид шинэ зуунд мэдээ, мэдээллийн орон зайгаа олж, хөгжүүлж байгаагийн тод жишээ юм. ETV HD телевиз шиг HD системээр эфирээ цацдаг телевизүүд ч байна. 2014 он гэхэд Монгол улсын Засгийн Газрын хөтөлбөрийн дагуу бүх телевиз, радио тоон технологи руу шилжиж, хуучин Analog систем халаагаа өгнө. Энэ бүхнээс харахад олон тайлбар хэрэггүй, хэвлэл мэдээллийн салбар хөгжиж байгаагийн бодит үр дүн амьдрал дээр харагдаж байна.
Тод харуулна... уриатай ETV HD телевизийн цаашдын зорилго юу вэ?
“Та ямар хүн байхыг хүсдэг вэ?” гэж сэтгүүлчид их асуудаг. Тийм асуултанд би “Зөв хүн байхыг хүснэ” гэж хариулна. Яг үүнтэй ижил ETV HD телевиз, зөв телевиз байх гол зорилготой. Ер нь ЗӨВ гэдэг үгэнд маш олон утга агуулагдаж байдаг. Зөв мэдээ мэдээлэл, зөв сэтгэлгээ, зөв бодлого, зөв алхам гээд хэлээд байвал олон. Тиймээс бид телевизийг ямар нэгэн зэвсэг болгон ашиглахгүй, үзэгчдээ хүндэтгэсэн ЗӨВ ТЕЛЕВИЗ байх зорилготой. Зөв явахад бүх зүйл бүтнэ шүү дээ.
Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.
Танай хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсье. Телевиз гэдэг хүн бүхний оюуны үнэт өмч байж, гэрийн хойморт залардаг. Энэ утгаараа үзэгч таны телевизийн хөгжилд оруулах хувь нэмэр маш их байдаг гэдгийг онцлон хэлье. Баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )