Лондонгийн олимпт оролцох тамирчдаа үдэх ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Олимпийн тамирчдаа үдлээ

Өнөөдөр олон улсын Олимпын болон Монголын тамирчдын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Лондонгийн олимп, паралимпад оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү арга хэмжээ Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд Монголын баг тамирчдад зориулж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад амжилт хүсч, үг хэлсэн юм. Үүний дараа “Лондон-2012” Олимпын наадамд оролцох Монголын баг, тамирчдын ахлагч, Шадар сайд М.Энхболдод Монгол улсын төрийн далбааг хүлээлгэн өглөө.


Үүний дараа Шадар сайд Монголын багийн тугч, Гавьяат тамирчин Б.Сэр-Одод төрийн далбааг шилжүүлэв. Өөрөөр хэлбэл Олимпт оролцох Монголын баг тамирчдын салхийг хагалж, эрх авсан болохоор Олимпын наадамд эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монгол улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Одыг сонгосон ажээ.  


Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн ирүүлсэн илгээлтийг энэ үеэр уншиж, танилцуулсан ба Лондонгийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, Гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөсөн юм.


Тэд тангарагтаа үнэнч, шударга өрсөлдөж, Олимпын дүрмийг хүндэтгэн сахиж, спортын алдар, өөрийн багийн нэр төрийн төлөө Олимпын наадамд оролцохоо илэрхийллээ.


Манай улсын хувьд 1964 оны Токиогийн олимпоос эхлэн дэлхийн энэхүү наадамд оролцсон түүхтэй. Энэ жилийн хувьд 12 дахь Олимптоо оролцож байгаа манай 29 тамирчин марафон, буудлага, байт харваа, чөлөөт бөх, бокс, усан спорт, жүдогийн төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорих юм. Тодруулбал:
Марафон: Б.Сэр-Од, Л.Отгонбаяр
Буудлага: О.Гүндэгмаа, Н.Баяраа
Байт харваа: Ж.Гантөгс, Б.Урантунгалаг
Чөлөөт бөх: Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Наранбаатар, П.Өнөрбат, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат
Бокс: П.Сэрдамба /49kg/, Н.Төгсцогт /52 kg/, У.Мөнх-Эрдэнэ /64kg/, Б.Түвшинбат /69kg/
Усан спорт: А.Тамир, Г.Оюунгэрэл
Жүдо: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир /73kg/, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, М.Бундмаа /52kg/, Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа /63kg/, П.Лхамдэгд/ -78kg/  нар тус тусын төрөлд өрсөлдөх ажээ.

Олимпын наадам эх орноо төлөөлөн  оролцох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өөрийг нь үдэж байгаа ард түмэнд талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр бэлтгэлээ хангалттай хийсэн болохоор Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй гэв.

Харин Паралимпийн жудо бөхийн төрөлд 90кг-д барилдах оролцох олон улсын хэмжээний мастер Д.Ганбатаас тодруулга авлаа. Тэрбээр: “2010 оны Азийн аварга, дэлхийн аваргад оролцсон. Дэлхийн тав болон долдугаар байранд, Азийн наадмаас мөнгөн медаль авч олимпт оролцох эрхээ авсан. Миний хувьд оролцож байгаа анхны олимп болохоор медаль авахыг хичээнэ” гэдгээ илэрхийлсэн юм.  


Монголын тамирчдын эхний ээлж ирэх сарын 3-нд эх орноосоо мордоно. Тэд Лондонгийн ойролцоо бэлтгэлээ базаах бөгөөд Монголын тамирчдын салхийг хагалж, байт, бокс, жүдо, буудлагын тамирчид нээлтийн дараах өдөр буюу долдугаар сарын 28-нд тэмцээнээ эхлүүлэх юм байна.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top