“Дуулиан-2020” тэмцээнийг сонирхлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 15

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Дуулиан-2020” тэмцээний 11 настнуудын аваргын төлөө тоглолтыг өчигдөр Ерөнхий сайд С.Батболд үзэж, аваргаар тодорсон 24 дүгээр сургууль, удаах байр эзэлсэн “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн багт шагналыг нь гардууллаа.

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөж аваргуудаа тодруулсан юм. 11 насны ангилалд 24 дүгээр сургууль, 13 насанд 97 дугаар сургууль, 15 насанд 10 дугаар сургууль,  17 насанд 72 дугаар сургуулийн баг тэргүүлж алтан медаль хүртлээ. “Хамгийн бяцхан, өхөөрдөм хоёр багийн тоглолтыг үзээд өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Тэмцээний аваргаар шалгарсан, аваргын төлөө өрсөлдсөн баг, тамирчид 2020 он гэхэд дуулиан тарьж, эх орныхоо нэрийг дуурсгана гэсэн итгэл төрлөө. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд Засгийн газар тодорхой, бодитой арга хэмжээ авч, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа” гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр “Дуулиан-2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгч, шилдэг тоглогчдыг 2010 оны тавдугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзан, амжилттай оролцсон тамирчдад өргөмжлөл гардуулж байжээ. “Дуулиан-2020” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Рио Тинто” компани тавдугаар сургуулийн спорт заалыг засварлах хөрөнгө, спортын хэрэгсэл, хувцас бэлэглэж байгаагаа мэдэгдлээ.

Эх сурвалж: “МОНЦАМЭ мэдээ”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top