Түүхэн ялалтын эзэн ”Ялагдашгүй Армада”

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02
"Евро-2012"-ын аварга Испанийн шигшээ баг
 
"Евро-2012" тэмцээний финалын тоглолт 4:0 харьцаатай Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, "Ялагдашгүй Армада" гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн түүхэн дэх анхны баг болж, түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлж чадлаа. 2010 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Швейцарийн багт хожигдсоноос хойш ганц ч ялагдал хүлээгээгүй, босоо байсан домогт Испанийн шигшээ ийнхүү олон шинэ амжилтаар түүхийн хуудсаа дүүргэж байна. Давид Сильвагийн мөргөж оруулсан гоол, Йорди Альба төгсгөлийг нь тавьсан довтолгооны хувилбар, "Челси"-гийн хамтрагч болох "Алтан жаал" Фернандо Торрес, Хуан Мата нарын гоолын ачаар Испанийн баг ялалт байгуулж, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд хамгийн олон гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө буулган авсан амжилтын эзэд болов.
 

Италичууд сүүлчийн буюу гурав дахь солилцоогоо хийсний дараахан Тьаяго Мотта 60 дахь минутад гэмтэл авснаар талбайг чөлөөлж, Италийн шигшээ тоглолтын сүүлийн 30 минутыг 10-уулаа өнгөрүүлэх болсон юм. Гэхдээ хүн дутуу болохоос өмнө ч тив, дэлхийн аварга испаничууд талбайд илүүрхэж, тоглолтын харьцаа хэдийнэ 2:0 харьцаатай болсон байсан тул Анри Делонегийн цомд нэрээ шивүүлэх эрхээ өвөртлөөд байсан гэж болно. Испаничуудын тоглолт, тэр тусмаа хагас хамгаалагчдын ур чадвар үнэхээр гайхалтай байж, Сеск Фабрегас, Шави нарын тоглолт багийн амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тоглолтын 75 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан "Алтан жаал" Фернандо Торрес 84 дэх минутад тооны харьцааг 3:0 болгож, улмаар 88 дахь минутад Торресийн тун ухаалаг дамжуулалтаар Хуан Мата гоолдсон юм. "Евро-2012" эхэлсэн цагаас хойш сэлгээний суудлаас багаа дэмжиж байсан Мата финалын тоглолтод 87 дахь минутад талбайд гармагцаа гоолдсон, ингэхдээ шинэ түүхийг бүтээсэн гоолын эзэн болсон нь энэ байлаа.


Италийн шигшээ багийн тухайд гоолын боломж бий болгож байсан ч өрсөлдөгчийнхөө энд хүрсэнгүй. Хөлбөмбөгийн түүхийг бичилцэж, олон агуу амжилтын эзэн болсон тэд энэ удаад мөнгөн медальтай нутаг буцаж байна. Ийнхүү "Ялагдашгүй Армада" Буурал Европын аваргаар хоёронтой ноёлсон, Фернандо Торрес "Евро"-гийн хоёр ч тэмцээний финалд гоолдсон, Висенте дел Боске Испанийн шигшээг удирдаж, тив, дэлхийн аваргад цойлсноор Баруун Германы Хельмут Шёны амжилтыг давтсан гээд шинэ түүхийн, шинэ амжилтын эзэд болов. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ.

А.ТЭМҮР



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top