Өнөөдөр наадмын салбар комисс хуралдлаа. Энэ үеэр ярилцсан нэгэн асуудал бол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил байсан юм.
Наадмын худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Ч.Бат Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын дотор, гадна засварын ажил болоод машины зогсоол, худалдаа үйлчилгээний зөвшөөрлийн асуудлыг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талбайн зүлгийг хэсэгчлэн сольж байгаа аж. Энэ жил ургац сайн байгаа учир зүлэгжүүлэх ажилд хүндрэл учрахгүй байгаа гэнэ. Мөн нийтийн бие засах газрыг 90 сая төгрөгөөр тохижуулжээ.
Цэнгэлдэх тойрсон зам талбайн урсгал засварын ажил эхнээсээ дуусчээ. Тухайлбал, Энхтайваны гүүрэн доогуурх эргэлтийн замын засвар дууссан. Харин танктай хөшөөний уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажил өнөөдөр эхэлнэ.
Наадмын талбайд бараа бүтээгдэхүүн борлуулахыг энэ жил хоригложээ. Тиймээс 500 аж ахуйн нэгжид өгсөн зөвшөөрлийн 60 хувь нь хуушуурын үйлчилгээ байх юм. Наадам угтаж энэ долоо хоногт Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран сургалт зохион байгуулна. Мөн энэ өдрүүдэд цэвэрлэгээний ажил эхлэх бөгөөд авто машины Ү, Г зогсоолын талбай бэлэн болжээ. Нэмэлт Г зогсоолын газрыг тэгшлэх ажил өнөөдөр эхэлнэ.
Харин Хүй долоон худагт үзэгчдийн суурин 30 метрийн урт суудал байрлуулж байгаа аж. Худаг шинээр гаргах ажил дуусч усыг нь шинжилгээнд өгөх ажил үргэлжилж байна. Мөн Хүй долоон худагт найман хүний багтаамжтай нийтийн бие засах газар барьжээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )