ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны удирдлагууд Лондонгийн олимпын наадамд оролцох дөрвөн тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ. Тус спорт хорооны тамирчид болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Ж.Чулуунбат, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар Лондонгийн олимпод “Сүлд” спорт хороогоо төлөөлөн өрсөлдөнө. Тиймээс дэлхийд барилдах тамирчдаа үдэж мордуулах бэсрэг наадмыг өчигдөр зохион байгуулжээ. Энэ үеэр дөрвөн тамирчдыг тус бүр арван сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Олимпод оролцох тамирчдаа дэмжин урамшуулж буй энэхүү мөнгөн шагналыг бүрдүүлэхдээ ШШГЕГ-ын бие бүрэлдэхүүнд багтдаг нийт албан хаагч, ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан байна. Эх орныхоо нэр хүндийг үүрч, олимпод өрсөлдөх гэж байгаа тамирчдаа үдэж мордуулахдаа ийнхүү шагнасан нь нэг талаас урам, нөгөө талаас маш том үүрэг хариуцлага ногдож байгааг харуулж буй нэг хэлбэр юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )