Шри Ланка Улсын Хиккадово хотод Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 2-нд болов. Тэмцээн зургаа хүртэлх нас, 7-8, 9-10, 11-12,13-14,15-16,17-18 насны охид, хөвгүүдийн 14 ангиллаар явагдсан. Шатарчид блиц /түргэн/, рапид /түргэвчилсэн/, стандарт /сонгодог/ гэсэн гурван төрлөөр өрсөлджээ. Манай тамирчид блиц төрлөөс алт, мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол рапид төрлөөс алт, хоёр хүрэл медаль авсан байна. Мөн стандарт төрлөөс алт, мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний зургаа хүртэлх насны хөвгүүдийн ангилалд оролцсон Е.Төгстөмөр гурван ангилал бүгдэд нь түрүүлж бахдам амжилт гаргасан аж.
Охидын зургаа хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг хошой мөнгө, нэг хүрэл медалиар энгэрээ мялаав. Мөн 15-16 насны хөвгүүдийн ангилалд Ц.Лхагвасүрэн, 11-12 насны охидын ангилалд Г.Учрал, 9-10 насны хөвгүүдийн ангилалд Э.Баасансүрэн, 9-10 насны охидын ангилалд Б.Оюунсувд нар хүрэл медаль хүртсэн байна.
Б.СИЙЛЭН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )