Лондонгийн олимпоос Х.Цагаанбаатар алт, М.Бундмаа мөнгө, П.Сэрдэмба хүрэл медаль хүртэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

“USA Today” сонины спортын албаны тоймчид спортын ямарваа томоохон арга хэмжээний өмнө өөрсдийн таамгаа дэвшүүлдэг уламжлалтай. Үүнээс олимпийн наадамд медаль авах магадлалтай тамирчдыг төрөл тус бүрээр нарийвчлан нэрлэдэг гойд сонирхол татдаг. Тэдний “Лондон-2012”-ын медальтнуудыг зөгнөснөөс үзвэл Монголын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүрийг нэгийг авах нь ээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатарыг ОХУ-ын Муса Могушковтой түрүү булаацалдаж, улмаар аваргална хэмээн тооцоолсон бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмааг Японы Юүка Нишидатай финалдаж, мөнгөн медаль хүртэнэ гэж “прогноз”-джээ. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбыг хүрэл медаль зүүнэ гэсэн байна.

Манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, -100 кг-д олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, буудлагын спорт гар бууны 25 метрт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарыг медалийн төлөө өрсөлдөж, шагналт байрт шалгарна хэмээжээ. Гэхдээ энэ бол тэдний таавар харин бид бүхэн илүү их амжилтыг хүсч байгаа шүү.

“USA Today” сониноос дэвшүүлсэн олимпийн медальтнуудын таамгийг та бүхэн http://www.usatoday.com/sports/olympics/medalsхаягаар сонирхоно уу.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top