А.Энхтуул: Зүүн азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-20-ны өдөр болж өнгөрсөн билээ. Энэхүү тэмцээн Вьетнам улсын Хью хотод зохиогдсон бөгөөд 8-20 хүртэлх насны ангиллаар явагдаж Хятад, Энэтхэг, Вьетнам, Индонез, Иран, Лаос, Малайз, Филиппин, Тайланд, Монгол зэрэг орны 1200 гаруй шатарчид оюун ухаанаа уралдуулсан юм. Манай улсаас 9 шатарчин оролцсоноос стандарт төрөлд Э.Баасан хүрэл медаль, Б.Янжинлхам мөнгө, блицын төрөлд Т.Мөнхзул алт, рапидын төрөлд Сурагчдын дэлхийн аварга, ОУХМ А.Энхтуул алтан медаль хүртжээ. Мөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын нэгнийг хүртэл Шриланк улсын Хиккадува хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6-18 насны ангилалд 12 орны 300 гаруй өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулсан. Манай улсаас 22 шатарчин оролцож стандарт, рапид, блицын эрэгтэй ангилалд Төгстөмөр аваргалж 3 алт, Энхчимэг 3 мөнгө, блицэд Баасансүрэн, Учрал, Оюунсувд, Лхагвасүрэн тус тус хүрэл медаль хүртжээ. Мөн Амартүвшин IV, Эрдэмдалай V байранд орж шагнал хүртжээ. Харин рапидын 18 насны эрэгтэй ангилалд 20 тамирчин оролцон тоглосноос А.Энхтуул рэйтингээрээ VII байрт жагсаж, 7 өргийн тоглолтоос 4 хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой 4,5 оноогоор шагналт IV байр эзэлжээ.

Ингээд Сурагчдын дэлхийн аварга, олон улсын мастер А.Энхтуултай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны түрүүнд баяр хүргэе. Тэмцээнд гаргасан амжилтаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Маш их баярлалаа. Би эхлээд Вьетнам улсын Хью хотноо зохиогдсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын 8-20 насны рапидын төрөлд оролцож түрүүлээд ирлээ. Мөн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 20 хүртэлх эрэгтэйчүүдийн ангилалд долдугаар байранд орсон. Түүний дараа Шриланк улсад болсон тэмцээнд мөн ялгаагүй эрэгтэйчүүдийн төрөлд тоглож шагналт дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Коэффицентын дугаар маань энэ байранд таарсан юм. Түүнээс биш 2, 3 дугаар байрны шатарчидтай адилхан 4.5 оноотой байсан. Тиймээс надад хожигдсон хүмүүс коэффицентын илүүгээр 2, 3-р байранд орсондоо их харамссан даа.

-Шриланк руу явахдаа яагаад дасгалжуулагчгүй явсан бэ? Мөнгө санхүүгийн бэрхшээлээс болсон уу?

-Тийм ээ. Яагаад гэвэл Шриланк руу явахад өртөг зардал ихтэй байдаг. Харин би бусад тамирчдыг бодвол харьцангуй хямдхан билетээр явсан. Ганцаараа Хонконг, Сингапураар дамжиж маш урт замыг туулсан учир маш их алжааж ядарсан. Мөн Вьетнам руу ч ганцаараа явсан юм. Хэрвээ би Вьетнам руу багштайгаа явсан бол илүү их амжилт гаргах магадлал өндөр байсан байх. Энэ нь мэдээж хөрөнгө мөнгөний асуудлаас болсон л доо.

-Москва хотын их сургуулийн шатрын ангид сурч байгаа гэсэн. Энд сурсанаар сүүлийн үед гаргаж байгаа амжилтанд тань хэр нөлөөлж байна вэ?

-Би 2011 онд Бразиль улсад зохиогдсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрыг эзэлж байсан. Энэ маань 100 хувь Москвагийн их сургуульд сурж байгаатай минь холбоотой. Миний амжилтанд орос багш дасгалжуулагч нар маш их нөлөөлсөн гэж боддог.

-Ойрын хугацаанд дахин шатрын тэмцээнд оролцох уу?

-Удахгүй долдугаар сарын 20-нд болох Дэлхийн шатрын холбооны чансаа ахиулах нээлттэй тэмцээн болно. Үүнд би эрэгтэйчүүдийн төрөлд оролцоно. Энэ тэмцээн нь Улаан-Үүд хотод Байгаль нуурын эрэгт зохиогдох болсон нь миний хувьд хол зам туулах бэрхшээлгүй болж байна. Ноднин жил би эрэгтэйчүүдийн төрөлд гуравдугаар байранд орж байсан. Энэ жил дахин оролцох гэж байгаадаа баяртай байна.

Д.Шинээ                      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top