Энэ жил буюу Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өнгөрсөн бямба гаригт урианхай, ням гаригт буриад, даваа гаригт хүүхдийн сур болж өндөрлөсөн бол өнөөдөр халх сураар үргэлжилж байна. Энэ удаагийн сур харваанд нийт 400 гаруй харваач оролцож байгаагаас 90 орчим нь хүүхэд, 350 орчим нь насанд хүрэгчдийн халх сурын харваанд цэц мэргэнээ сорьж байгаа юм. Эдгээрээс 29 нь мэргэн, 120 орчим нь спортын мастер. Түүнчлэн залуучууд болон хүүхдүүд сурын спортод хүч түрэн орж буйг зохион байгуулагчид тэмдэглэн хэллээ. Үүний тод илрэл нь хүүхдийн сур харвааны төрөлд урьд жилүүдийнхээс харьцангуй олон харваач хүүхдүүд оролцож, урианхай, буриад сурын харваанд залуу тамирчид дийлэнх байв. Мөн орон нутгийн харваачид олон болж байгаа төдийгүй чадварын хувьд ч сайжирчээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн тэгш дөрвөн ой давхцсан наадамд хүүхдийн сур харвааны төрөлд 38 оноогоор өсөх идэр мэргэн төрж байсан бол энэ удаад эрэгтэй, эмэгтэй төрөлд 30 оноогоор тэргүүлсэн юм. Амжилттай оролцож түрүүлсэн, дэд байрын шагналын эзэд хөдөө орон нутгийн хүүхдүүд байлаа. Мэргэн харваачдын тоо нэмэгдэж, чанар сайжирсан бөгөөд энэ нь орон нутагт түлхүү ажиглагдаж байна.
Ингээд МҮСХ-ны ерөнхийлөгч, доктор профессор, ерөнхий шүүгч С.Батхуягаас авсан дараах тодруулгыг хүргэе.
-Энэ жилийн сур харвааны өнгийг хэрхэн харж байна вэ?
-Баяр наадам өргөн, сайхан болж байна. Харваачид залуужиж, тоо нь ч олширч байгаа. Өчигдөр хүүхдийн сур харвааны төрөлд гэхэд 90 орчим хүүхэд цэц мэргэнээ сорилоо. Өнөөдөр мандатаа авсан харваачид халх сурын харваанд цэцээ сорих юм. Гуравны нэг нь шинэ залуу харваачид. Нийт харваачдын 30 орчим нь улсын мэргэн, 100 гаруй нь спортын мастер цолтон байна. Бусад нь зэрэг цолгүй залуу харваачид байгаа юм. Харвааны ерөнхий чадвар, оноо өндөр гарах шинжтэй. Сурын холбооноос жил бүр олон тэмцээн зохион байгуулдаг тул харваачдын бэлтгэл, сургуулилт ханажээ гэж үзэхээр байна. Хүүхдийн харваанд 32 сум тавьдаг. Өчигдөр түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй харваач тус бүр 30 онолоо. Иймд энэ жил оноо өндөр гарах болов уу гэж бодож, итгэж байна. Жил бүр шинэ, залуу мэргэн төрөөсэй гэж бид их хүсдэг. Энэ жил ч мөн адил залуучуудаас шинэхэн мэргэчүүд төрөөсэй л гэж хүсч байна даа.
-Наадамчин олондоо хандаад үг хэлэхгүй юу?
-Олон мянган жилийн турш эрийн гурван наадмаараа наадаж ирсэн наадамчиддаа сур харваачдынхаа нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлье. Аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе. Манай харваачдын тавьсан сум шиг ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг сайхан байгаасай гэж залбирч байдаг. Энэ ерөөлийг та бүхэндээ уламжилъя.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )