Ардын хувьсгалын их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэн насны уралдаан Хүй мандалын дэвжээнээ одтой сайхан боллоо. Тус уралдаанд нийт 294 үрээ бүртгүүлснээс 40 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдаж 250 гаруй хурдан буян гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Газар газрын хурдан тууртуудаас шандсаараа шалгарсан тэрхүү ажнай бол Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын зээрд юм. Өнгөрсөн жил даагандаа улсын наадамд дөрөвт давхиж байсан энэ хурдан буян ийнхүү төрийн наадмын түрүү боллоо.
Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар хурдалсан юм.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар шүдлэн. Б.Ганзориг уяач ийнхүү сүүлийн гурван жил дараалан төрийн наадамд морь айрагдуулж байгаа юм.
Айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр шүдлэн орлоо. Хээр үрээ өнгөрсөн жилийн аман хүзүү Б.Наранхүүгийн хээр азарганы төл бөгөөд өвлийн уралдаануудад тогтмол дээгүүр давхиж байсан юм.
Айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар тус тус хурдалсан юм. Ийнхүү Хүй долоон худгийн номин ногоон зүлгэн дээр эрээн асарууд намилзаад, эрдэнэт хүлгүүд хурдтай сайхан наадлаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )