Халх сурын хана харваа өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Үндэсний сурын харваа өнгөрсөн бямба гаригт урианхай сураар эхэлж өчигдөр халх сурын харваа эхэлсэн билээ. Халх сурын харваанд 260 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Нийтдээ харваачид хана харваанд 20 сум, халх харваанд 20 сум тавьдаг. Хана харвааны 20 сумны сүүлийн дөрвөн сум буюу адаг өрөг явагдаж өндөрлөсөн. Ингээд дүн гарсаны дараа хасаа харваа эхлэх юм. МҮСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Нямдаваагаас халх сурын явцын талаар тодрууллаа. Дашрамд тэрээр сурын холбооны нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна цэц мэргэнээ сорьж байгаа юм билээ. Мөн халх сурын харвааны эхний сум бүрийг хамгийн ахмад харваач, гарамгай мэргэн А.Цэвээн харваж байлаа.

-Халх сурын харваа үргэлжилж байна.  Явц ямар байна вэ?

-Халх сурын харваанд 260 гаруй харваач оролцож байна. Хана харваанд  20, хасаа харваанд 20 сум тавьдаг. Өөрөөр хэлбэл нийт 40 сум тавьна гэсэн үг. Яг одоогоор хана харвааны 20 сумны сүүлийн 4 сум буюу адаг өрөг явагдаж байна. Өчигдөр 16 сум тавьсан. Өнөөдөр энэхүү адаг өрөг дуусаад хана харвааны дүн гарна. Ингээд хасаа харваа үргэлжилнэ. Хасаа болон хана харвааны нийлбэр дүнгээр энэ жилийн мэргэчүүд тодрох учиртай. Өнөөдөр хасаа харвааны эхний 8 сум буюу эхэн өрөг явагдана. Маргааш дунд өргийн 8 сум тавьсаны дараа адаг өрөг тавьдаг. Адаг өрөгт түрүүлж яваа 8 эрэгтэй, 8 эмэгтэй харваачид харвахгүй үлдээд шигшээ харваанд оролцоно. Бүх харваа дууссаны дараа шигшээ харваанд 8 эрэгтэй, 8 эмэгтэй харваач харвасны дараа ижил оноотой хүмүүс гарч ирэхээр товх харваа явагдана. Үүний дараа мэргэчүүд тодорч харваа өндөрлөнө дөө.

-Халх харваа урианхай, буриад харваанаас ямар ялгаатай вэ?

-Хамгийн гол ялгаа  нь зай л юм. Хамгийн хол, хүчтэй нумаар харвадаг харваа юм. Алсад харвана гэдэг утгаарааа голлох харваа болж явдаг. Түүхэнд тэмдэглэгдсэн дээд амжилт Есүнгэ мэргэн 350 алд газар бай оносон байдаг. Өдгөө хэдэн зууны өмнөх баатруудтай харьцуулахгүй юмаа гэхэд тэдний залгамж халаа болсон манай мэргэчүүд алс зайд бяртай хийгээд оюуны ур чадварын том мэдрэмжтэй байж л харвана даа.

-Та хэдэн сум тавьсанаас хэд оносон бэ?

-Би хана харвааны сүүлийн дөрвөн сумандаа нэг алдчихлаа. Хоёр дахь босоо дээрээ нэг алдсан. Ингээд 18 оноотой явж байна.

Х.Заяа, Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top