Халх сурын харвааны эмэгтэй харваанд түрүүлж хошой мэргэн цол хүртсэн Төв аймгийн "Чингис хааны дэлхийн академ"-ийн харваач Х.Оюунчимэгийг хошой мэргэн цолны болзол хангаад байхад нь сэтгэгдлийг нь сонссон юм.
-Хошой мэргэний болзол хангалаа. Наадамчин олонтойгоо сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Төв аймгийн холбоо болон Дулааны эрчим хүчний хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
-Таны хувьд энэ жилийн сур харвааны өнгө ямар байв аа. Эмэгтэй сурчид их сайн харваж байна?
-Энэ жилийн сур харваачдын оноо өндөр. Бэлтгэл маш сайн байна. Сайхан наадам болж байна. Миний хувьд сайн өрсөлдөгчидтэй байж, түрүүлсэндээ маш их баяртай байна.
-Сая болж өнгөрсөн товх харвааны талаар яривал?
- Н.Өлзийханд мастерийг 14 настай байхад би анх харваанд орж байлаа. Хоёулаа нэг баг болоод явдаг байв. Н.Өлзийханддаа удахгүй мэргэн болох ерөөлийг дэвшүүлье.
-Таны хувьд өнгөрсөн жилээс ямар ялгаатай наадам болов оо?
-Өнгөрсөн жилээс бэлтгэл илүү сайн байсан. Ерөнхийдөө харваачдын маань бэлтгэл жигд сайн байна. Хамгийн гол нь оноо өндөр байлаа.
Тэрээр ийн ерөнхийлөгчөөс хошой мэргэнийхээ цол, тэмдгийг хүртэхээр явсан юм. Өглөө хасаа харвааны дунд өргийн дараа шилдэг найман эмэгтэй харваач тодорсон байв. Ингээд тэдэнд адаг өргийн дөрвөн сум үлдээд байлаа. Эдгээр найман харваачаас Х.Оюунчимэг /хошой мэргэн/, Н.Өлзийханд /спортын мастер/, И.Цэцэгмаа /спортын мастер/ нар товх харвахаар болов. Үүний дараа И.Цэцэгмаа мастер хасагдаж Н.Өлзийханд, Х.Оюучимэг нар үлдэж мөн товх харваж Х.Оюунчимэг Улсын мэргэн цолоо Хошой мэргэн болгох болзол хангасан. Тэрээр 40 сумнаас 39 оносон юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )