Ц.Хүдэрчулуун: Аавынхаа амжилтыг давтаж чадсандаа баяртай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Энэ жилийн хамгийн ахмад харваач А.Цэвээн 88 настай гарамгай мэргэн юм. Түүний хүү Ц.Хүдэрчулуун энэ жил 40 сум тавьсанаас 38 онож гарамгай мэргэн боллоо.

Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун:

-Гарамгай мэргэн болж байна. Наадамчин олонтойгоо баяраа хуваалцахгүй юу?

-Энэ жилийн хувьд амжилтаа ахиулж 40 сум тавьж 38 онолоо. Аавынхаа амжилтыг давтсандаа маш их баярлаж байна. Чадлаараа харвалаа. Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэнд хүргэе. Сайхан наадаарай.

-Түрүү байр авахаа хэзээнээс мэдрэв?

-Сүүлийн харвалтууддаа маш итгэлтэй байсан.

Гарамгай мэргэн А.Цэвээн:

-Хүү тань гарамгай мэргэн боллоо. Наадамчин олонтойгоо сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Их баярлаж байна аа. Би улсынхаа их баяр наадамд дөрвөн удаа түрүүлж байлаа. Түрүүлж явахад сайхан л байдаг юм. Намайг залгамжлаад миний хүү наадамд түрүүлж байгаад баяртай байна. Миний хувьд одоо нас өндөр болоод жаахан тааруу харвасан. Харин хүү минь сайн харваж түрүүллээ.

-Аав, хүү хоёр гарамгай мэргэн гэж дуудуулах нь ээ?

-Тиймээ/инээв/. Тийм болох гээд байна. Цол нэмэгдэж байгаад нь баярлаж байна. Аавынхаа хойноос аавтайгаа адил энэ жилийн сурын наадамд түрүүлэхэд их л баярлаж байна.

-Шийдвэрлэх харваанд харвах гэж байхад нь үнсэж байгаад чихэнд нь юм шивнэж байсан. Юу гэж захиж гаргасан бэ?

-Сайн харваарай л гэсэн дээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top