Э.Бадар-Ууган: Боксынхон маань Олимпоос олон медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Боксын тамирчид маргааш Лондонгийн зүг хүлгийн жолоо залах гэж байна. Манай улсаас Лондонгийн Олимпын боксын төрөлд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат зэрэг тамирчин хүч үзэх юм. Өнөөдөр тэднийг МҮОХ, Монголын боксын холбоо, БТСГ-ын төлөөлөл болон ахмад тамирчин, дасгалжуулагчид Спортын төв ордон дахь боксын заалнаас үдэн гаргаж, олимпод оролцох хувцас хэрэглэлийг нь нислэгийн тийзийн хамт гардууллаа. Баг тамирчдыг Jordan болон Asics фирмийн хувцас, хэрэглэлээр хангаж байгаа аж. Мөн лам нар аян замын ерөөл тавив.

Боксын баг тамирчид өнгөрсөн сарын 1-нээс “Сэлэнгэ” амралтад бэлтгэлээ хангаад өдгөө Лондонг зорих гэж байна. Бэлтгэл хангахад Казак, Улаан-Үүд, Хятадын багуудаас хамтарсан бэлтгэл хийж туслалцаа үзүүлжээ. Тамирчдын бэлтгэл хангагдсан гэж холбоо болоод спортын анагаах ухааны зүгээс дүгнэж байгаа юм. Тухайлбал, дөрвөн тамирчнаас Сэрдамба, Мөнх-Эрдэнэ, Төгсцогт нар жингээ хасч байгаа бөгөөд жингээ бариад эхэлжээ. Одоогоор тамирчид 2 килограммын илүүтэй явж байгаа бөгөөд Лондонд очоод үлдсэн жингээ хасах аж. Ингээд 28-нд тэмцээн эхэлнэ. Боксын баг бүрэлдэхүүнд хоёр ахлагч болон дасгалжуулагч, дөрвөн тамирчин, нийт найман хүн Лондонг зорино.

БТСГ, спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир:

-Тамирчид тэмцээн эхлэхээс 9 хоногийн өмнө явж байна. Тэгэхээр Лондонд очоод бэлтгэлээ хаана, хэрхэн базаах вэ?

-Бид маргааш өглөө Берлинээр дамжин Лондонгийн ойролцоо хотод хамтарсан бэлтгэл хийнэ. Бид цаг агаарын болоод бусад нөхцөл байдалд дасан зохицох зорилгоор ес хоногийн өмнө явж байгаа. Тэнд очоод бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлэн хийнэ дээ.

-Тамирчдын эрүүл мэнд ямар байгаа вэ?

-Лондонгийн олимпод бэлдэж байгаа боксын тамирчид сүүлийн 2 жил календарчилсан төлөвлөгөөний дагуу уралдаан, тэмцээнд оролцож бэлтгэлээ хийсэн юм. Мөн өнгөрсөн сарын 1-нээс Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтад Казак, ОХУ-ын Буриад, Улаан-Үүд, Хятад зэрэг гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж дууслаа. Тамирчдын биеийн байдал болоод эрүүл мэнд сайн байгаа.

-Жингийн байдал ямар байна. Жин хасч байгаа байх?

-Жин хасч байгаа. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 6 кг, гавьяат тамирчин Н.Төгсцогт 7 кг, У.Мөнх-Эрдэнэ 4 кг хасч байна. Жингээ зөв хуваарилж хасч байгаа. Графикийн дагуу тэмцээндээ ороход бэлэн болоод байна.

 

Олимпын аварга, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тамирчдаа үдэх ёслолд ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.

-Олимпод оролцох тамирчдынхаа 3 дахь хэсэг буюу боксын тамирчдаа өнөөдөр үдэж байна. Таны хувьд тэднийг бэлтгэлээ хэр хангасан гэж үзэж байна вэ?

-Бэлтгэлээ сайн базаасан шүү. Өнөөдөр боксынхоо зааланд ирж ном хуруулж, аян замаа даатгаад явж байна. 2008 онд бид мөн ингээд л явж байсан. Тэр үед бид урьд гаргаж байгаагүй амжилтаа гаргасан. Лондонгийн олимпоос ч мөн адил олон медаль авчрах байх гэж найдаж байна. Дөрвөн тамирчин найздаа амжилт хүсмээр байна.

-Туршлагатай тамирчны хувьд хэр зэрэг заавар зөвлөгөө өгөв?

-Бид нар нэг үеийн олон жил бэлтгэл сургууль хийж яваа тамирчид. Бүгдээрээ сайн оролцох байхаа. Чадах, мэдэх зүйлээ хуваалцалгүй яахав.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top