МҮОХ-ны байранд өчигдөр “Лондон-2012” Зуны олимпын наадамд оролцох гимнастик, жүдо, чөлөөт бөхийн багийнханд олимпын наадамд оролцох эрхийн гэрчилгээ, бэлтгэлийн хувцсыг гардуулах ёслол болов. Ёслолын арга хэмжээнд “Лондон-2012” Зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Хатанбаатар нар оролцож, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Улсын аварга О.Балжинням, гимнастик, жудо, чөлөөт бөхийн төрлөөр оролцох тамирчид, дасгалжуулагчид, шүүгч, эмч нарт Олимпын наадамд оролцох эрхийн гэрчилгээ, Японы “Asics”, Хятад, Канадын ”Jeordan” пүүсийн бэлтгэлийн хувцас, “London 2012, Mongolian Olympic delegation” товхимол гардуулж, өндөр амжилт гаргах ерөөл дэвшүүлсэн юм. Тэрчлэн олимпын наадамд оролцох тамирчдын бэлтгэл хангагч нарт бэлтгэлийн хувцас бэлэглэв хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )