Мингиян Семенов: Би Халимагаас анх удаа Олимпод оролцох болсондоо баяртай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

“Лондон-2012” Зуны олимпын наадмын сонгомол бөхийн тэмцээний 55 кг-ын жинд ОХУ-аас Халимаг улсын иргэн Мингиян Семенов зодоглох болжээ. Тэрээр хэлэхдээ “Би Зуны олимпын наадамд оролцох Халимагийн анхны бөх болж байгаадаа баяртай байна. Тавиад жилийн өмнө манай нутгийн Тул Балдашинов гэдэг бөх Олимпын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилалт хийж байсан боловч сүүлийн мөчид түүнийг хассан юм. Тийм учраас би Зуны олимпын наадамд оролцох гэж байгаа нь Халимагийн бөхийн спортын түүхэнд том үйл явдал болж байна” гэж онцлон хэллээ.

Түүнийг дэмжихээр өвөө, нутгийн хөгжөөн дэмжигчид нь Лондонд очихоор төлөвлөжээ.

М.Семёнов дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд ах Саналын хамт Москвад очиж бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ. 2011 онд дасгалжуулагч Михаил Гамзины хүсэлтээр Красноярск хотод шилжин суурьшиж, энэ онд Саранск хотод болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Олимпын наадамд оролцох болсон байна.

2004 онд Афин хотод болсон Зуны олимпын наадмын сонгомол бөхийн тэмцээнийг эцгийнхээ хамт зурагтаар харж байхдаа 66 кг-ын жинд Оросын бөх Максим Семёнов барилдаж түүнийг нэрийг “M.Semenov” гэж дэлгэц дээр бичсэнийг хараад аавдаа хандан “Өөр М.Семёнов ингэж барилдах цаг ирнэ” гэж хэлж байжээ.

М.Семёнов Олимпын наадмын үеэр сонгомол болон чөлөөт бөхийн багаа дэмжиж нэг нутгийн бүсгүйчүүд болох Людмила Боднева, Алина Макаренко хоёр өрсөлдөх гандбол, уран сайхны гимнастикийн тэмцээнийг үзэхээр төлөвлөсөн байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top