Озэки Харумафүжи гурав дахь түрүүгээ авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 22
Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи буюу дээд зиндаанд гурав дахь түрүүгээ авлаа. Өнгөрсөн жилийн нагоя башёд мөн түрүүлж байсан озэки башёгийн сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давсан юм. Башёгийн сүүлчийн барилдаан хүртэл Хакухо, Харумафүжи нар хоёул 14-0 гэсэн амжилттай байсан билээ. Ингээд эцсийн барилдаан бүхнийг шийдэж, озэки Харумафүжи нутгийн бөх, их аварга Хакухог давснаар Японы Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа гардах эрхтэй болов. Онцлог нь тэрбээр анх удаа 15 барилдааны турш нэг ч ялагдалгүй, 100 хувийн амжилтаар тэргүүлж байгаа юм.

Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 14-0, озэки Какурюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-13, Тамаваши Б.Мөнх-Оргил 4-11, Токитэнкү А.Хүчитбаатар 9-6, Шотэнро Д.Нямсүрэн 7-8 гэсэн амжилтаар нагоя башёг өндөрлүүлэв.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top