”Эко” тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Өнөөдөр 200 гаруй жилийн түүхтэй Францын “Ростан” групп “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эко тэмцээн” зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тус групп нь дээд зэргийн арьсан эдлэлийн үйлдвэрлэл, арьс боловсруулалтаараа дэлхийд алдартай бөгөөд манай улсад салбараа нээгээд хоёр жил болсон байна. Түүнчлэн, монгол ямааны арьсыг химийн бодисгүйгээр боловсруулж олон улсын уралдаанд түрүүлжээ.

Группын ерөнхийлөгч Жак Ростаны санаачлагаар ирэх сарын 26-31-ний өдөр Монголд анх удаа ОУ-ын “Олон өдөрт” буухиа тэмцээн зохион байгуулах болсон талаараа мэдээлсэн юм. Тус тэмцээнд багаар оролцож, 30 км бартаат замыг туулснаар ялагчид тодрох учиртай. Тухайлбал, нэг баг гурван гишүүнээс бүрдэх ба дугуйн, морин, явган гэсэн төрлүүдээр өрсөлдөнө. Тэмцээн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зургаан өдрийн турш үргэлжилсээр Сүхбаатарын талбайд өндөрлөх аж. Уг тэмцээнийг БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж, байгальд хор хөнөөлгүй моторт төрөлгүй “Эко тэмцээн” гэж онцолж байлаа.

Ирэх сарын 31-нд тэмцээн өндөрлөх бөгөөд ялсан баг 10000 долларын шагналтай. Шагнал гардуулах ёслолын гала үдэшлэгийг зохион байгуулах ба үдэшлэгт Францын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин ФИФА-ийн элч Кристиан Карамбө, Японы загварын нэвтрүүлгийн алдарт хөтлөгч Эрико Накамура зочноор хүрэлцэн ирэх гэнэ. Эко тэмцээнийг Францын Үндэсний радиогийн сурвалжлагч ирж сурвалжилна. Мөн энэ үдэш Францын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн Хиерын фестивалийн шагналт Монгол загвар зохион бүтээгч М.Цолмандахын загварын шоу болон хөлбөмбөгийн од Кристиан Карамбөгийн спорт загварын цүнхний коллекцыг “Азийн модель” загварын агентлагийн загвар өмсөгчид толилуулах юм байна.

Үүний дараа есдүгээр сарын 1-4-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрлэлийн газартай хамтран анх удаа Монгол-Францын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Харин ирэх 12-р сард Олон улсад зарласан “Парисын бал” буюу “Le Bal de Paris” арга хэмжээнд Монголын загвар зохион бүтээгч М.Цолмандахын коллекцыг хамтран ажилладаг Азийн модель агентлагийн загвар өмсөгчдийн хамтаар францчуудад танилцуулахаар болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top