Маргааш байт харвааны чансаа тодорхойлох тэмцээн эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Лондоны олимпын тэмцээнд оролцох гэж буй манай шигшээ багийн эхний тоглолт байт харвааны тамирчдаар эхлэх юм. Чансаа тодорхойлох энэхүү тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн байт харваагаар эхэлнэ.

Энэ төрөлд олон улсын хэмжээний мастер, дэлхийн чансааны 33-т бичигддэг Ж.Гантөгс цэц сорих юм. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд маргааш Улаанбаатарын цагаар 20.00 цагт Б.Урантунгалаг өрсөлдөнө. Тэрээр дэлхийн чансааны 30-д бичигддэг.

Лондоны олимпын байт харвааны тэмцээн эрэгтэй, эмэгтэй баг, ганцаарчилсан гэсэн дөрвөн төрлөөр 64 харваач 70 метрийн зайд цэц мэргэнээ сорино. Тэд 72 сум тавьж онооны дарааллаар нь байр эзлүүлнэ. Манай тамирчид чансаа тогтоох тэмцээнд өндөр амжилт үзүүлснээр цаашид сулавтар өрсөлдөгчидтэй таарах боломжтой. Учир нь чансаа тогтоох уралдаанд нэгдүгээр байрт орсон нь хамгийн сүүлийн буюу 64 дүгээр байрт орсон тамирчинтай цэц мэргэнээ сорино.

Энэ сарын 28, 29-нд байт харвааны багийн тэмцээн явагдах юм. Харин ганцаарчилсан төрөлд өрсөлдөх гэж буй манай эрэгтэй, эмэгтэй тамирчид энэ сарын 30-наас шийдвэрлэх тэмцээндээ оролцоно. Ирэх сарын 2, 3-нд  Лондоны олимпын байт харвааны төрлийн ялагч нар тодрох юм. Мөн дөрөвдүгээр байрт үлдээд ялагдал хүлээсэн харваачид хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top