Өнөөдөр Лондоны цагаар 21.00 цаг, Монголын цагаар 04.00 цагт /үүрийн/ зуны XXX наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлж, гурван цаг гаруй үргэлжлэв.
"Лондон-2012"-ын нээлтийн ёслолыг уран сайхны найруулагч Дэнни Бойл тун ч сүрлэг, өгүүлэмжтэй найруулж чаджээ. Учир нь түүний найруулга яг л кино шиг болжээ гэж олон хүн шүүрс алдаж байв. Зуны олимпийн наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч буй Лондон хот Их Британи гүрний өв соёл, түүх дурсгал, уламжлалыг илтгэх бүхий л зүйлсийг багтаахыг хичээсэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн билээ.
Нээлтийн ажиллагааны нэгэн сюрприз нь тагнуулч 007 Жеймс Бонд буюу Английн жүжигчин Даниэл Крейг Их Британийн далбаа бүхий нисдэг тэрэгнээс цэнгэлдэхийн чанх дээрээс шүхрээр бууж, цэнгэлдэхийн голд газардсан нь байв. Энэ үйл явдалтай зэрэгцэн Их Британийн Хатан хаан II Элизабет цэнгэлдэхэд орж ирж байлаа. Мөн шидэт үлгэрийн баатар Петер Пэн, хүүхэд асрагч Мэри Поппинс гээд үлгэрийн баатрууд олимпийн бас нэгэн чимэг болж байв. Зуны XXX олимпод оролцож буй 205 орныг билэгдсэн гэрэлт цэцэгс нэгдэн нийлж, дэлхий даяараа энхтайвнаар нэгдэн нийллээ. Энэ мөч тун ч гайхамшигтай байсан.
Гурван цаг үргэлжилсэн нээлтийн ажиллагааг домогт Битлз хамтлагийн дуучин Пол Маккартни “HEY JUDE” дуугаараа хаасан юм. Дэлхий дахинаа нээлтийн үйл ажиллагааг дөрвөн тэрбум хүн хүлээн авч үзсэн бол өөрийн биеэр 80 мянган үзэж сонирхсон юм.
Энэ нээлтийн ёслолыг үзэхээр дэлхийн 120 гаруй орны төрийн тэргүүд, төрийн өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ. Тухайлбал, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, Свазиланд улсын эзэн хаан, Монакогийн вант улсын ханхүү Алберт, Холливудын хамгийн сайн хос гэгддэг Брэд Питт, Анжелина тэргүүтэй дэлхийн одод байв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )