Ерөнхийлөгч олимпийн тамирчидтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Лондон 2012” зуны 30 дугаар олимпид оролцож буй монголын баг тамирчидтай Лондон дахь тамирчдын хотхонд өнөөдөр уулзлаа. Тамирчдын хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсын Шадар сайд, “Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн наадмын монголын багийн ахлагч М.Энхболд, Монголын Үндэсний олимпийн хорооны дарга З.Загдсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар угтав.
“Лондон 2012” олимпийн наадамд спортын долоонтөрөлд 29 тамирчин өрсөлдөж байна.  Монголын тамирчид бэлтгэл сайн, сэтгэл санаа өөдрөг, амжилт гаргана гэсэн итгэл найдвар дүүрэн байгаагаа төрийн тэргүүнд хэлж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпид оролцож буй тамирчиддаа амжилт хүсч, олимпид улсаа төлөөлж оролцох нь чухал, амжилт гаргах нь бүр чухал гээд Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг тамирчиддаа уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зочноор дагалдан явж буй Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган нар мөн тамирчдад амжилт хүсэв.
Зуны 30 дугаар олимпийг Үндэсний олон нийтийн телевиз, Боловсрол телевиз , UBS, ТВ5, NTV телевиз газар дээрээс нь шууд дамжуулан үзүүлж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top