С.Ням-Очир хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Лондонгийн олимпийн наадамд оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ Сайнжаргалын НЯМ-ОЧИР хүрэл медаль хүртлээ.


Жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн тэрбээр дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын тамирчин Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр, улмаар Европын аваргын алт, мөнгөн медальт Украйны жүдоч Владимир Сорокаг юүко үнэлгээгээр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдсан билээ. Гэхдээ торгуулийн барилдаанд амжилттай барилдаж, АНУ-ын жүдоч Николас Делпополог юүко үнэлгээгээр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Өдгөө 26 настай тэрбээр ийнхүү анхны олимпдоо оролцож, хүрэл медалиар энгэрээ чимлээ. С.Ням-Очирын амжилтаас дурдвал, 2009 оны “Универсиад” наадмын хүрэл, мөн оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Дэлхийн цом”, “Мастеруудын цуврал”, “Гран-при”, “Их дуулга” гээд Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилттай юм.

Ийнхүү тэрээр Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авч ирж чадлаа.

Нийт тамирчиддаа улам их амжилтыг хүсье.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top