“Лондон-2012” зуны олимпийн 30 дахь наадмын боксын төрөлд эх орноо төлөөлөн ОУХМ Б.Түвшинбат, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба нар Лондонг зорьсон. Одоогоор П.Сэрдамбаас бусад нь эхний тулаанаа хийж, ялалт байгуулаад байгаа билээ.
ОУХМ Б.Түвшинбат эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд эхний тойрогтоо Габоны тамирчин Янник Митоумба Мбемитэй таарч 17-4 (5-1, 6-1, 6-2) харьцаатай илт давуу ялалт байгуулсан юм. Тэрээр маргааш Францын боксчин Алексис Вастинтай тоглоно.
Мөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогтоо Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай тулалдаж, 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай онооны давуугаар өрсөлдөгчөө ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винчензо Пикарди бөгөөд тэд маргааш хүч үзнэ.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн эхний учраа Чехийн Зданек Хладек бөгөөд тэрбээр 20-12 (6-3, 7-5, 7-4) харьцаатай илүүрхсэн байгаа. Түүний дараагийн өрсөлдөгч Маврик улсын тамирчин Рикарно Колин. Тэд ирэх бямба гаригт тулалдана
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба эхний тойрогтоо гоц мөргөж, ирэх бямба гаригт эхний тулаанаа Энэтхэгийн Девендро Сингх Лаишрамтай хийнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )