Н.Түвшинбаяр аваргын төлөө барилдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

“Лондон-2012” зуны олимпын XXX наадамд эх орноо төлөөлөн жүдогийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр барилдаж байгаа билээ.

Дөнгөж сая Н.Түвшинбаяр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй  барилдаж, 2 минут 18 секунд үлдээд байхад “юүко” үнэлгээ авч мөнгөн медалийн болзол хангалаа. Ингээд тэрээр олимпын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болж байна. Барилдааны явцад манай тамирчны хөлийн бэртэл сэдэрсэн ч шүд зуун барилдаж, хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан юм.

Тэрээр эхний барилдаанаа Тайландын жудоч Теерават Хомклинтэй хийж, 55 секундэд боох мэхээр цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо Францын Тьерри Фабрег даралтаар цэвэр ялж шилдэг наймд шалгаран үлдсэн. Харин хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Рамзиддин Саидовтой барилдаж, үндсэн таван минутдаа хэн хэн нь үнэлгээ аваагүй тул нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялсан юм.

Одоо олимпын аваргын алтан медалийн төлөө 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын Тагир Хайбулаевтай барилдана.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top