Монголд анх удаа олимпийн хос медальтан төрлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

“Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд эх орноо төлөөлөн жүдогийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр мөнгөн медалийн төлөөх барилдаандаа БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй  барилдаж, 2 минут 18 секунд үлдээд байхад “юүко” үнэлгээ авч ялсан юм. Барилдааны явцад манай тамирчны хөлийн бэртэл сэдэрсэн ч шүд зуун барилдаж, хүчтэй өрсөлдөгчөө буулган авч чадсан.

Дөнгөж сая тэрээр алтан медалийн төлөө ОХУ-ын Тагир Хайбулаевтай учраа таарч үүрээ мэхээр цэвэр ялагдлаа.

 Тэрээр эхний барилдаанаа Тайландын жудоч Теерават Хомклинтэй хийж, 55 секундэд боох мэхээр цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо Францын Тьерри Фабрег даралтаар цэвэр ялж шилдэг наймд шалгаран үлдсэн. Хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Рамзиддин Саидовтой барилдаж, үндсэн таван минутдаа хэн хэн нь үнэлгээ аваагүй тул нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялсан юм. 

Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмаас хошой медаль хүртсэн Монголын түүхэн дэх анхны тамирчин боллоо. Н.Түвшинбаяр ийн олимпийн 21 дэх медалийг эх орондоо авчирч байна. Дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн жүдочдыг ялж чадсан түүнийг монголчууд бидний үндэсний бахархал гэе.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top