Лондонгийн олимпийн сонирхолтой үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

“Лондон-2012” зуны олимпийн XXX наадам эхлээд найм хонож байна. Энэ хугацаанд олимпийн наадмын эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

1.  Эрэгтэйчүүдийн амжилт эвдсэн “гайхамшигт” охин


Хятадын 16 настай, усанд сэлэгч охин Шивень Лондонгийн олимпийн 400 болон 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлж хоёр удаа алтан медаль хүртсэн. Тэрээр 400 метрийн холимог сэлэлтэд энэ удаагийн усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн алтан медалийг хүртсэн Райан Лохтегийн амжилтыг эвдэж, дэлхийн нийтийг гайхшруулсан юм. Түүнийг сэргээшийн шинжилгээнд хамруулсан бөгөөд "но" илрээгүй байна.

2. Е.Пирожкова Тэргүүн хатагтайг өргөж “дүрсгүйтжээ”


Английн Лондон хотод Зуны олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама олимпийн тосгонд зочилж тамирчидтайгаа уулзаж байх үеэр чөлөөт бөхийн 63 кг-ын жингийн тамирчин Елена Пирожкова түүнийг өргөхийг хүсэж зөвшөөрөл аван “дүрсгүйтжээ.” Тэргүүн хатагтай Мишель Обама ная гаруй кг-ын жинтэй эмэгтэй ажээ.

3. Хүндийн өргөлтөөр “Азиуд” тэргүүлэв


Лондоны олимпийн хүндийн өргөлтийн тэмцээний 9 төрөлд медалийн эзэд тодроход есөн төрлийн алтан медалийг Ази тивийнхэн хүртжээ. Тухайлбал, хүндийн өргөлтөд Хятадын тамирчид 3 алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлж байгаа бол удаах нь тус тус 2 алтан медальтай Ардчилсан Солонгос, Казакстан улсын тамирчид жагсчээ.

4. Халимагаас олимпод анх удаа “бөх”-ийн төрөлд зодоглов


“Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгомол бөхийн төрөлд 55 кг-ийн жинд Халимаг бөх Мингиян Семенов зодогложээ. Тэрээр зуны олимпийн наадамд оролцож буй Халимагийн анхны бөх аж. Тавиад жилийн өмнө Тул Балдашинов олимпийн наадамд оролцохоор бэлтгэл сургуулилт хийж байсан ч, сүүлийн мөчид түүнийг хассан байна. Иймд зуны олимпийн наадамд анх удаа бөх оролцож байгаа нь Халимагийн бөхийн спортын түүхэнд том үйл явдал болж байна.

5. Дөрвөн олимп дараалан алтан медаль хүртсэн тамирчид


Эмэгтэйчүүдийн 10м-ийн синхрон үсрэлтэд БНХАУ-ын Чен Руолин, Ван Хао нар 386.40 оноогоор тэргүүлж алтан медаль хүртжээ. Энэ төрөл олимпийн хөтөлбөрт орсноос хойш буюу сүүлийн 3 олимпод тэргүүлсэн Хятадын бүсгүйчүүд энэ удаад ч аварга цолоо хамгаалж, дөрөв дэх удаагаа алтан медаль өвөртлөв.

6. Хамгийн олон олимп сурвалжилсан сэтгүүлч “23” дахь удаагаа Лондонд


“Лондон-2012″ зуны олимпийн наадмыг тохиолдуулан “Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо”-ноос 10 болон түүнээс олон удаа олимпийн наадам сурвалжилсан 100 сэтгүүлчийг шагнасан байна. Тухайлбал, өвөл, зуны 23 олимпийн наадам сурвалжилсан Канадын сэтгүүлч Ришар Гарнеу, 22 наадамд ажилласан Швейцарийн Петер Фрай, Их Британийн Жон Жексон, Дэвид Миллер, 21 дэх наадмаа сурвалжилж буй Германы Гюнтер Дайстер нар сэтгүүлчдийн жагсаалтад багтжээ.
Мөн манай Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны ЕНБ-ийн дарга Ж.Отгонцагаан багтсан юм.

7. Хамгийн баян тамирчныг шалгаруулжээ


Forbes сэтгүүл "Лондон 2012" зуны олимпийн наадамд оролцогчдоос ашиг орлогоороо тэргүүлж байгаа тамирчдын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Швейцарийн теннисчин Рожер Федерер тэргүүлсэн байна.

30 настай теннисчин Рожер Федерер сүүлийн нэг жилд 54.3 сая ам.долларын орлого олсон аж. Харин хоёр болон гуравдугаарт АНУ-ын сагсан бөмбөгч Леброн Жеймс, Кобе Брайнт нар орсон байна.

8. Алтан медаль хүртэж “марканд” дүрээ мөнхлөв


Их Британы эмэгтэйчүүдийн сэлүүрт завины хосын төрөлд тамирчин Хэлэн Гловир, Хидер Станнинг нар анхны алтан медалиа хүртэж Эзэн хааны шуудангийн марканд өөрсдийн хөргийг мөнхлөх боломжтой болжээ. Шинэ маркийг Английн бүх шуудангийн газруудаар тарааж эхэлсэн байна. Түүнчлэн Хэлэн, Хидер нар Эзэн хааны шуудангийн марканд орсон анхны эмэгтэй тамирчид болсон аж.

9. АНУ-ын баг рекорд тогтоолоо


АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг нэг тоглолтдоо 156 оноо авч, олимпийн түүхэнд рекорд тогтоолоо.
Тус баг Нигерийн шигшээ багийг 156:73 буюу 83 онооны зөрүүтэй хожсон юм.
1988 оны Бразилийн шигшээ Египетийг 138:85 харьцаатай хожиж байжээ. Харин АНУ-ын шигшээ хамгийн сүүлд 1996 оны Атлантын олимпод Хятадын шигшээ багийг 133:70 харьцаатай хожиж байв.

10. Олимпийн хамгийн олон медальтан шинээр төрөв


Алдарт усан сэлэлтийн мастер Майкл Фелпс медалийнхаа тоог нэмсээр дэлхийн хамгийн олон олимпийн медальтай тамирчин боллоо. Майкл Фелпс нийт 22 медальтай болж хуучин ЗХУ, одоо Украйны тамирчин Ларисса Латынинагийн өмнө гишгэж эхэллээ.

Тэрээр дөрвөн олимпоос нийт 18 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл нийт 22 олимпийн медальтай болов. Лондоны олимпийн наадмаас дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна. Түүнийг АНУ-ын тамирчдын хамт буухиа уралдаанд түрүүлж, 18 дахь алтан медалиа гардсаны дараа Олон улсын усанд сэлэлтийн холбоо /FINA/-ooc Фелпсийг “Бүх цаг үеийн олимпийн шилдэг тамирчин”-аар өргөмжилжээ. Тэрбээр Лондоны олимпийн дараа зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа аж.

11. Английн хатан хааны ач охин медаль хүртэв


Гүнж Аннагийн охин, 31 настай Зара Филлипс Лондонгийн Олимпийн морин спортоос мөнгөн медаль хүртэв. Зара Филлипс бол Анна гүнжийн хоёр дахь хүүхэд бөгөөд ганц охин нь юм.

12. Хамгийн секси нь волейболчин бүсгүйчүүд


Олимпийг зохион байгуулагчдын зүгээс элсний волейболын тамирчин бүсгүйчүүдийн уламжлалт хувцас бикиниг өмсүүлэхгүй хэмээн ярьж байсан боловч азаар амьдрал дээр бодитоор хэрэгжилгүй, усны хувцастай урт хөлтэй сайхан бүсгүйчүүдийг харж нүдээ хужирлах боломжийг эрчүүдэд олгосон байна. Элсний волейболын тэмцээн зохиогдох Сент-Жеймскийн паркад сул суудал огт байхгүй, зритель битүү байжээ.

13. Саудын Арабын эмэгтэй тамирчид анх удаа Олимпод оролцож байна


Саудын Араб түүхэндээ анх удаа бүсгүйчүүдээ олимпод оролцуулж байгаа юм. Энэ удаа жүдод 2, 800 метрийн гүйлтэд 1, нийт гурван эмэгтэй тамирчин хурд хүчээ сорьж байгаа. Мөн жүдочид хижабтайгаа барилдсан аж.

14. Лондон 2012-ын хамгийн сайхан тамирчин бүсгүй тодорлоо


Bleacherreport.com сайтаас Лондонгийн олимпийн хамгийн дур булаам тамирчин бүсгүйгээр Хорватын сагсан бөмбөгчин Антония Мисура тодорсон байна. Өдгөө 24 настай бүсгүй Олимпийн үзэгчид хөгжөөн дэмжигчид болон эрэгтэй тамирчдаас хамгийн их саналыг авчээ. Антония бол довтлогч. Эх орондоо “Видичи” багтаа тоглодог. Түүний өндөр 178 см.

15. Жүдод медалийнхаа чансаагаар Орос, тоогоор Франц манлайлжээ


ОХУ-ын жүдочид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийт таван медаль хүртэж, медалийн чансаагаар тэргүүлсэн бол Францын жүдочид хоёр алт, таван хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор манлайлжээ.

16. Олимп, дэлхийн рекорд эвдэгсэд


Лондонгийн олимпийн хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн тэмцээнд БНАСАУ-ын тамирчин Ким Ун Гук олимп, дэлхийн рекордыг эвдэн түрүүлжээ. Тэрээр огцом өргөлтөөр 153 кг-ыг өргөсөн нь олимпийн рекордыг шинэчилсэн төдийгүй дэлхийн дээд амжилтыг давтсан үзүүлэлт аж. Харин түлхэлттэй өргөлтөөр 174 кг, улмаар нийт 327 кг-ыг өргөснөөр олимп болоод дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.


Мөн Казахстаны тамирчин Зулфия Чиншанло олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүлжээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 131 кг-ыг өргөсөн нь олимп болон дэлхийн шинэ амжилт бөгөөд нийт 226 кг-ыг өргөсөн нь мөн л олимпийн рекордыг шинэчилсэн үзүүлэлт аж.

17. Зуун жилд тохиосон анхны медаль

Олимпийн наадмыг зохион байгуулагч Их Британи улсын тамирчид олимпийн наадмын гимнастикийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медаль хүртэж, орчин цагийн олимпийн түүхэнд бүтэн зуун жилийн дараа энэ төрөлд анхны медалиа зүүжээ. 1912 онд Стокгольм хотноо болсон зуны олимпийн наадмаас дээрх төрөлд хүрэл медаль хүртэж байсан Их Британийн тамирчид ийнхүү зуун жилийн дараа амжилтаа давтжээ.

18. Тони Истангүэт гурван олимп дараалан алтан медаль хүртэв


Зуны олимпийн наадмын Канае завины төрөлд Францын тамирчин Тони Истангүэт 97.06 гэсэн үзүүлэлтээр аваргын алтан медаль хүртсэн байна. Тэрээр уг төрөлдөө гурван олимп дараалан алтан медаль хүртэж аваргалсан тамирчин болж байгаа юм.  

Олимпийн үр дүнг илбэнх тааварлаж байна

Орост нэгэн илбэнх Лондонд зохиогдож байгаа Олимпийн наадмын үр дүнг тааварлаж байна. “Жемма” нэртэй энэ илбэнх спортын уралдаан тэмцээний ялагчийг урьдаас таадаг гэнэ. Илбэнх Оросын Тула хотын амьтны хүрээлэнд амьдардаг аж. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний үр дүнг Испани түрүүлэхийг урьдаас тааснаараа танигдсан энэ амьтан одоо Лондонд үргэлжилж байгаа Олимпийн наадмын үр дүнг тааварлажээ. Жемма илбэнхийн тааварлаж байгаагаар БНХАУ медалийнхаа тоогоор тэргүүлэх гэнэ. Түүний өмнө улсуудын тугийг хатгасан дөрвөн хөөмөл боовыг тавихад тэрээр Хятадын тугтай хөөмлийг сонгон идсэн байна.

Тула хотын амьтны хүрээлэнгийн ажилтан хэлэхдээ “Жемма Орос хоёрдугаар байранд орно гэж тааварласан, энэ үнэн эсэхийг бид харах болно, гэхдээ Европын аваргын үр дүнг тааснаас нь харахад энэ илбэнхийн таамаг бараг 100 хувь үнэн байдаг" гэжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top