“Лондон-2012” зуны олимпийн XXX наадам эхлээд найм хонож байна. Энэ хугацаанд олимпийн наадмын эргэн тойронд болсон эмгэнэлт үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
1.Тохойгоо мулталсан харамсалтай өргөлт
Лондоны олимпийн хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн БНСУ-ын тамирчин Са Жаэ Хьюк 158 кг өргөснийхөө дараа 162 кг-ыг захиалсан юм. Гэвч тэрбээр туухайгаа толгой дээрээ гаргаж ирэхдээ алдаа гаргасны улмаас тохойгоо мулталжээ.
2. Египетийн хүндийг өргөгч эмэгтэй 151 кг-ын туухайг өөр дээр унагав
Лондоны олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд хүч үзсэн Египетийн тамирчин Халил Махмуд Абир Абдельрахман гүйцэтгэлийн үеэр алдаа гаргаж 151 кг жинтэй туухайг өөр дээрээ унагажээ. Тэрбээр туухайгаа хүзүүн дээрээ унагасан ба туухайны гол төмөр дугуйны өндөр хүртэл зай их байдаг учраас тамирчинд хүнд гэмтэл учраагүй аж.
3. Хагас цаг уйлж, тас гүрийв
Солонгосын сэлэмчин Шин А Лам тулалдаж байх үеэр шүүгчдийн секундомер “гацаж” эсрэг талд нь ялах боломж олгосон гэнэ. Солонгос бүсгүй маш гомдолтойгоор уйлан талбайгаас явж өгөлгүй хагас цаг гүрийжээ.
Хятадын усан үсрэлтийн тамирчин Минься Ву олимпийн наадамд гайхалтай амжилт үзүүлснийхээ дараа гэр бүлтэйгээ холбоотой аймшигтай мэдээг дуулсан байна. Эмээ өвөө хоёр нь нас барсныг түүний эцэг эх нь жилийн турш нууцалсаар байжээ. Мөн 17-той Минься Вуны ээж хорт хавдартай болсон бөгөөд эмчийн хяналтанд байдгаа ч охиндоо хэлээгүй байсан гэнэ. Вугийн хувьд зургаан настайгаасаа спортоор хичээллэж байгаа бөгөөд эдгээр мэдээг дуулсан тохиолдолд тэр олон жилийн нөр их хөдөлмөр талаар болно гэдгийг гэр бүлийнхэн нь ч, баг тамирчид ч нь ч мэдэж байсан гэжээ.
Олимпийн дугуйн уралдаан болж Английн дугуйчин Брэдли Виггинс аварга болсноос хэдхэн цагийн дараа цэнгэлдэхийн ойролцоо дугуйн спортоор хичээллэдэг 28 настай нэгэн залуу автобусанд дайруулж, нас баржээ.
Ослын газарт очсон цагдаа нар яаралтай түргэн тусламж дуудсан боловч дугуйчин осол болсноос 30 минутын дараа амьсгал хураасан харамсалтай хэрэг болжээ.
Швейцарийн хөлбөмбөгийн шигшээ баг БНСУ-ын хөлбөмбөгийн багийн эсрэг тоглож, ялагджээ. Үүний дараа Швейцарийн шигшээ багийн хамгаалагч Мишель Морганелла өөрийн твиттертээ Өмнөд Солонгосчуудыг арьс өнгөөр доромжилсон утгатай сэтгэгдэл бичсэнд зохион байгуулагч орны зүгээс хасах шийдвэр гаргасан аж.
Үүний дараа твиттерээс өөрийн сэтгэгдлээ устгаж, уучлал гуйсан боловч Швейцарийн олимпийн шигшээ багийн ахлагч Жиан Жилли түүнийг “Швейцарийн шигшээ багийн нэр хүндийг унагасан“ гэж үзээд тэмцээнээс хассан байна.
Жүдо бөхийн түүхэнд ялагчийг тодруулсны дараа дахин хэлэлцээд нөгөө талд ялалт өгсөн анхны тохиолдол “Лондон-2012″ олимпийн наадмын хоёр дахь өдөр гарав. Японы жүдоч Дэлхийн аварга Масаши Эбинүма, Солонгосын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Чо Жүн-Хо нар шөвгийн наймд таарч барилдан, 8 минутын турш бие биеэсээ үнэлгээ авч чадаагүй бөгөөд шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахад хөх талаас гарсан Солонгосын бөхөд туг өргөсөн юм. Гэвч үзэгчдийн уухайн дор шүүгчид шийдвэрээ дахин хэлэлцээд Японы бөхөд ялалтыг өгөв. Энэ хоёр бөх хоёулаа хүрэл медаль хүртсэн юм.
Олимпийн уралдаан тэмцээний ялагчдыг шагнаж буй медаль тийм ч бөх эд биш бололтой. Жүдогийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Бразилийн тамирчин Фелипе Китадаи өөрийн шагналаа гэмтээсэн байна.
Тэрээр шагнал авснаасаа хэдэн цагийн дараа усанд орохоор ариун цэврийн өрөөнд орохдоо медалиа алга болчихоос болгоомжлон аваад орсон аж. Тэгээд биеэ угааж байхдаа медалиа саван болгохгүй гээд амандаа зууж байтал нөгөөх нь мултран ванны ёроолд унахдаа оосрын сэнж нь хугарчихсан байна. Бразилийн төлөөлөгчид Олон Улсын Олимпийн Хороонд хандан азгүй тамирчны хугархай медалийг шинээр сольж өгөхийг хүсчээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )