ОЛИМП-2012: Ялалтын дараах өдөр юу болдог вэ.../зураглал/

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Тэмцээн дуусаад аварга болсны дараа юу болдог бол, шууд гэр бүлдээ очоод унтаж амраад, амар тайван болдог болов уу? Мэдээж үгүй! Бүр тэмцээнээс ч дутахааргүй, алдар хүндийн сайхан атлаа дарамттай үе эхэлдэг аж.

Лондон дахь Оросын Байранд уур амьсгал бүлээн дулаахан, энд тоглолтын тасалбар олж авч чадаагүй хүмүүстээ зориулан бүтэн өдөржин дэлгэцээр тэмцээнүүдийг үзүүлнэ. Ийшээ орох чөлөөтэй, иймээс энд байнга хүн ихтэй байдаг, оросууд, мөн хэрэгт дуртай лондончууд ч зөндөө.

Энд орой нь аваргуудын алдрыг тэмдэглэх баяр болдог. Тайзны өмнө даруухан засал чимэглэлтэй, бүгд аваргуудаа ирэхийг хүлээгээд л...

Медалийн эздийн бараа харагдангуут бараг гараас нь шүүрч аваад, нутаг нэгтнүүдийн халуун хайраар хучин, нэг уулзалтаас нөгөө рүү, нэг микрофоноос нөгөө рүү шилжин амсхийх завгүй, гол нь аваргууд маань бүхнийг зөвөөр хүлээн авч, хэт их сэтгэл хөдлөлд автахгүй байх нь чухал.

Тайзан дээрх бүх нийтийн мэндчилгээ, чин сэтгэлийн талархлын үгс, бэлэг дурсгалын зүйлс гардуулсны дараа алдрын эзэд тайзнаас буун хүмүүс рүү хүрч ирнэ. Бүгд л тэдэнтэй харьцахыг хүсэн сэтгүүлч сурвалжлагчид бүчин элдэв асуулт асуун бичлэг хийцгээж зураг даран, хөгжөөн дэмжигчид нь гарын үсэг авахаар хуйларцгаана.

Жүдогийн хоёр дахь алтан медальт Мансур Исаев: “Миний ялалтын төлөө залбирсан хөгжөөн дэмжигчдийнхээ армид маш их баярлалаа. Бид бүгд хамт байсан, цаашид ч үргэлж хамтдаа байх болно!” хэмээн өгүүлж байв.

Цаашаа юу үргэлжлэх вэ? Албан ёсны хэвлэлийн бага хурлууд залгана. Ажил хэрэгч буурь суурьтай асуултууд шил шилээ даран хөвөрч, энд тэндгүй мэргэжлийн фотоаппаратны гэрэл гялсхийн, амнаас гарсан үг бүрийг нь хичээнгүйлэн бичиж авцгаан төд удалгүй бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээгдэн сонины тэргүүн нүүрэнд тавигдан, телевизүүдээр цацагдана.

Иймэрхүү албан ёсны кампанит ажлын үед ч санамсаргүй зүйлс их тохиолдоно. Жишээ нь нэг сэтгүүлч Мансур Исаевыг бүжиглэхийг хүсэхэд тэрээр татгалзалгүй ёсоор болгож олныг баясгав.

Хэвлэлийн бага хурлаас гарангуут гадаа хаалган дээр радиогийнхан тосож аваад нүд цавчих зав өгөлгүй шууд нэвтрүүлэг эхэлчихнэ.

Бүр орой болсон хойно албан ёсны оройн зоог эхэлж, албаны уулзалт, яриа хөөрөө өрнөнө.

Ялалтын дараах өдрийн зураглал нэг иймэрхүү...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top