ОЛИМП-2012: Нас барсан фанат асар олон тасалбар үлдээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Би-би-си мэдээлснээр, Британийн нягтлан бодогч нэгэн эр Лондонгийн олимпийг эхэлсэн өдрөөс нь авахуулаад алгасалгүй үзэж байгаад саяхан нас барахдаа олон тооны тэмцээний тасалбарууд үлдээсэн ажээ.

Колчестер хотын 49 настай Конрад Ридман хэмээх нягтлан бодогч эр өнгөрөх Баасан гаригийн орой олимпийн дугуйн уралдааны талбайн бие засах газарт зүрхний шигдээсээр бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн боловч аврагдаж чадалгүй нас баржээ.

Британи эр интернетээр өөр 10 фанаттай нэгдэн өнгөрсөн жил Олимпийн билет зарагдаж эхэлсэн цагаас европын орнууд дахь тусгай худалдаачдаар дамжуулан тасалбарууд худалдаж авсан байна.

Тэрээр аль болохоор олон тэмцээн үзэхийн тулд ажлаасаа хоёр долоо хоногийн чөлөө авсан ажээ. Тасалбар худалдаж авахад хүү нь хэдий хэр мөнгө зарцуулсныг хамт амьдардаг ээж нь хүртэл сайн мэдэхгүй байсан ба хүү нь өдөр бүр Олимп үзэхээр явж, нэг талбайгаас нөгөө рүү шилжин бараг бүх тоглолтыг сонирхож чадсан аж.

Олимпийн эхний долоо хоногт тэрээр нээлтийн ажиллагаа, элсний волейбол, хоккей, завь, сур харваа, хөл бөмбөг, хүнд атлетик, бадминтон, сэлэлтийн уралдаануудыг үзэж амжсан байна.

Ээжид нь одоо үлдсэн бүх тоглолт, хаалтын ажиллагааны тасалбар үлдсэн ба тэднийг хэрхэхээ одоохондоо мэдэхгүй байна хэмээн ярьжээ.

Ридман ямар ч архаг хууч өвчингүй байсан бөгөөд харин спортын улаан фен байжээ. Тэрээр “хүссэн зүйлээ хийнгээ нас барлаа” хэмээн ээж нь өгүүлсэн байна. Түүний өөрийн микроблогтоо үлдээсэн сүүлийн бичлэг нь ханхүү Уильям, Кейт Миддлтон нар ээлжит британийн “алт”-д баяр хүргэж байгаа зургийг тавиад “Бүх ард түмний баяр” хэмээн бичиж үлдээсэн ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top