Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд эх орноо төлөөлж 63 кг жинд зодоглож хүрэл медаль хүртээд буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы домогт бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдсан тэрбээр 1-0; 4-0 харьцаатай хоёр үед ялагдал хүлээсэн.
С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы бөхтэй барилдсан юм.
Ингээд Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг маань хүрэл медалийн төлөө Канадын бөх Мартин Дугреньетай барилдаж ялалт байгуулсанаар Монголын чөлөөт бөхөд 32 жил тасраад байсан олимпийн хүрэл медалийг эх орондоо авчирч элэг нэгт Монголчуудаа баярлууллаа.
Эрхэм охин С.Батцэцэг чамаараа эх орон, элгэн садан Монголчууд нь, ижий аав нь ихэд бахархаж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )