ОЛИМП-2012: Инээмсэглэсэнгүй хэмээн баривчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Лондонгийн Олимпийн ээлжит скандал:

Британийн цагдаа нар тэмцээн үзэгч нэгэн эрийг эерэг сэтгэл хөдлөлөө хангалттай илэрхийлсэнгүй хэмээн баривчилсан аж.

Английн Окхэм хэмээх жижиг тосгоны оршин суугч, таэквондогийн зааварлагч 54 настай Марк Уорсдорфыг дугуйн замын уралдаан үзэж байхад нь “олимпийн тоглолтыг үзэж баярлаж байгаагаа инээмсэглэж үзүүлсэнгүй” гэсэн шалтгаанаар цагдаа нар баривчилсан байна.

Сайхь англи эр Паркинсоны өвчнөөр нүүрний булчингууд нь саажилттай болсон учраас бусадтай адил инээж хөхрөх боломжгүй гэдгээ хэв журам сахиулагчдад тайлбарлахын тулд бүтэн 5 цагийг зарцуулсан аж.

Уорсдорфийг эхнэртэй нь холбоо барьсны дараа л суллаж явуулсан байна. Түүнийг цагдаа нар хоёр метр өндөртэй индэр дээрээс гуд татаж газар руу нүүрээр нь харуулж унагаад гарт нь гав зүүсэн хэмээн хохирогч эр ярьжээ. Цагдаагийнхан болохоор түүний өмссөн хувцас, биеэ авч яваа байдал нь сэжигтэй санагдаад нийгмийн хэв журмыг сахиулах үүднээс урьдчилан болгоомжилж баривчилсан хэмээн өөрсдийн үйлдлээ тайлбарласан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top