Хүн төрөлхтөний их баяр цэнгэл Олимпийн наадамд манай улс 1964 оны Токиогийн олимпоос хойш тасралтгүй оролцсоор ирсэн. Хэдийгээр олимпийн наадмаас ганзага хоосонгүй ирж байсан ч Монгол түмний 44 жил хүлээсэн анхны алтан медалийг одоогоос дөрвөн жилийн өмнө Булган нутгийн хүү Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпоос авчирч байсан түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү хүндтэй медалийг МУГТ, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн жүдо бөхийн -100 кг-ын жинд хүртэж, төрийнхөө алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулахад Монгол хүн бүрийн самсаа шархирч, магнай тэнийсэн билээ.
Өдгөө олимпийн хошой медальт, монгол түмний бахархал Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпийн дэвжээнд эхний тойрогтоо Афины олимпийн аварга Японы бөх Кейжи Сүзүкиг давхар хамах мэхээр цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо Германы Бенжамин Верла, гурав дахь барилдаандаа Солонгосын Жан Сүи Хо, хагас шигшээд Азербайжаны Мавлуд Миралиев, алтан медалийн төлөө Казахстаны Аскат Житкеев зэрэг тив, дэлхий, олимпийн аваргуудыг ялж аварга болсон юм. Өдгөө ч түүний жинд барилддаг бөхчүүд “Mongolia N.Tuvshinbayar” хэмээн зарлахад ялагдахвий гэсэн айдастай зодоглодог биз. Учир нь тэрээр Лондонгийн олимпод аварга хүн хэрхэн барилддагийг харуулж, учраа бүхнээ цэвэр ялж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Монгол хүн бүрийг бахархал омогшлыг мэдрүүлэхийн зэрэгцээ Монгол төрийн түүхэнд “хар өдөр” хэмээн тэмдэглэгдсэн Долдугаар 1-нийг эвдрэлийг тодорхой хэмжээгээр цайруулж, эвлэрэлийн эхийг тавьсан юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )