“Sunday” группээс “Бид оюунлаг иргэдийг дэмждэг” сэдвийн дор хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хуралд Дэлхийн шатрын холбооны мастер А.Энхтуул болон түүний багш Монгол улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нар оролцсон юм. Сандэй групп нь оюунлаг иргэдийг дэмжих үүднээс шатарчин Энхтуултай 2011 оноос хамтарч ажилласан бөгөөд энэ хугацаанд тэрээр олон тэмцээнд маш амжилттай оролцсон тул дахин 1 жил ивээн тэтгэхээр болжээ. Тэрээр энэ удаад Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Ингээд А.Энхтуул болон түүний дасгалжуулагч П.Жигжидсүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
П.Жигжидсүрэн /ОУХМ, Монгол улсын гавьяат дасгалжуулагч /
-Тамирчин А.Энхтуулын гаргасан амжилтуудаас дурьдвал?
-Манай шавь Энхтуул ОУ-д анх удаа Дэлхийн өсвөрийн шатарчдын тэмцээнд орж түрүүлэн дэлхийн аварга болсон. Мөн хамгийн залуудаа олон улсын мастер цолыг авлаа. Одоо шатрын их мастер цолыг авахын төлөө ажиллаж байна. Гагцхүү энэхүү зорилгодоо хүрэхэд маань Сандэй групп санхүүгийн талын бүх асуудлыг хариуцаж байгаад бид баяртай байна. Өнгөрсөн жил Азийн аварга болон Дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Харин энэ жил Вьетнам улсад болсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга тэмцээнээс алт болон хүрэл медалиудыг авлаа. Энхтуулын маань үзүүлж буй амжилт жилээс жилд үсрэнгүй дээшилж байгаа тул хамт ажиллахад сэтгэл хангалуун байдаг. Бид хоёрын дараагийн том зорилт бол Дэлхийн оюутны аваргаас медаль авах юм.
-Тамирчны маань бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ ?
-Сайн байгаа. Бэлтгэл хангагдсан. Аливаа тэмцээн уралдаанд орж амжилт үзүүлэхэд санхүүгийн бэрхшээл саад болдог. Энэ удаад санхүүгийн асуудлыг маань Сандэй групп шийдэж өгч байна. Одоо тэмцээндээ амжилт гаргах л үлдлээ дээ.
-Шавьтайгаа хамтарч ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-2006 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Шавь маань олон медаль авч багшийгаа баярлуулж, олон улсын тавцанд Монголын нэрийг гаргаж байгаа сайн шатарчин.
-Манай тамирчин Олон улсын олон нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцож чамгүй амжилтыг гаргасан байна. Дэлхийд чансаагаар хэдэд бичигдэж байгаа вэ?
-Ямар ч гэсэн Монголдоо нэлээн дээгүүр бичигдэж байгаа.
Эх орноо төлөөлөн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд явах гэж буй А.Энхтуултай хийсэн яриаг хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Алтан-Өлзийн Энхтуул гэдэг. Шатрын спортоор 10 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд чамлахааргүй олон амжилт үзүүлсэн. Одоо Марибар хотод зохиогдох тэмцээнд оролцож өмнө нь авсан медалийнхаа өнгийг хувиргах зорилготой байна. Мөн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 17-27–нд зохиогдоно. Энэхүү тэмцээндээ оролцоод Португалаасаа Истанбуль руу явна. Тэнд шатрын спортын тамирчдын чансаа ахиулах тэмцээн болох гэж байгаа. Тэр тэмцээнд амжилттай оролцоно гэж бодож байна. Энэ дашрамд намайг олон тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн туслалцаа үзүүлж буй Сандэй группын Бат-Өлзий захиралдаа маш их баярласнаа илэрхийлье.
-Яагаад шатрын спортыг сонгож хичээллэхээр болсон бэ?
-Багадаа би их дүрсгүй хүүхэд байсан болохоор шатрын спортыг сонирхож хичээллэх болсон. Тэр үед би “Төр монгол” сургуульд сурдаг байсан ба сургуулийнхаа шатрын клубт нь явдаг байлаа. Өөрөө ч дуртай болсон болохоор цаашид хичээллэхээр шийдсэн. Анхны багшийг маань Ц.Батболд гэдэг. 2006 он хүртэл удирдлаган доор нь хичээллэж байгаад түүнээс хойш Цэрэндэжид багштайгаа одоог хүртэл хичээллэж байна.
-Олон уралдаан тэмцээнд оролцсон хүний хувьд хамгийн үнэтэй олдсон шагнал байдаг байх?
-Байлгүй яахав. 2011 онд Бразильд зохиогдсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож авсан шагнал маань надад хамгийн үнэтэй олдсон шагнал.
-Одоогийн байдлаар ойролцоогоор хэдэн тэмцээнд оролцоод байна вэ?
-Ёстой тоолж үзээгүй юм байна. Би бусад тамирчдыгаа бодвол харьцангуй их олон улсын тэмцээнд оролцдог. Учир нь намайг дэмжиж олон улсын тэмцээнүүдэд явуулдаг байгууллагууд бий.
-Шатрын спортоор хичээллэснээр өөрийн чинь олж авсан хамгийн том ололт юу вэ?
-Аливаа зүйлд буурь суурьтай хандахын зэрэгцээ маш их тэвчээртэй болсон. Мөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд их тус болж байгаа. Одоо би англи, хятад, орос хэлээр чөлөөтэй ярьдаг.
-Өөрийн чинь хувьд бусад орны тамирчдаас ялгарах давуу тал?
-Минийх гэлтгүй Монгол хүн аль ч салбарт амжилт гаргаж чаддагийн зэрэгцээ байгаа орчиндоо амархан дасан зохицох чадвар өндөр юм шиг санагддаг.
-Хамгийн харамсалтайгаар ялагдал хүлээж байсан үе?
-Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлдөө ялж алтан медаль авсан ч эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлж чадаагүй. Уг нь түрүүлэх боломж байсан. Тэр л маш харамсалтай санагддаг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ойрын үед гэрийнхээ ажлыг хийж байгаа. Заримдаа найзуудтайгаа уулздаг.
-Шатраас өөр хичээллэдэг спорт бий юу?
-Ширээний теннис хааяа тоглодог. Гэхдээ хичээллэдэггүй. Харин хиймэл хаданд авирах спортоор хичээллэх маш их сонирхолтой.
-Одоо ямар сургуульд сурдаг вэ?
- Би ОХУ-ын Москва хотын нийгмийн ухааны сургуульд сурдаг.
-Мэргэжлээ сонгосон уу?
-Одоохондоо мэргэжлээ сонгоогүй байгаа. 2-р курстээ орохоороо сонгоно.
Баярлалаа. Амжилт хүсье.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )