Азийн сагсан бөмбөгийн АШТ-ий төсөв 600 гаруй сая төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Манай улсад анх удаа Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр буюу 17-ны өдөр эхлэх гэж байна. Уг тэмцээнд азийн таван бүсээс шалгарсан 15 орны 16 баг өрсөлдөх бөгөөд зарим улсын баг, тамирчид иржээ. Энэ сарын 16-нд “Баянгол” зочид буудлын хурлын танхимд техникийн зөвлөгөөнөө хийхээр төлөвлөсөн аж.

Спортын төв ордонд хоёр, Яармаг дахь ордонд зургаан тоглолтоо зохион байгуулахаас гадна үзэгч, дэмжигчдэд тусгай автобус үйлчлэх юм. Мөн тэмцээнд зориулан хоёр стандарт цагирагийг тус хоёр зааланд суурилуулжээ. Уг тивийн хэмжээний тэмцээний зардал 600 гаруй сая төгрөгийн төсөвтэйгээс 96 саяыг Засгийн газар, Азийн сагсан бөмбөгийн холбоо 25 мянган ам.доллар, “Кока Кола” компани 60 сая төгрөг өгөөд байгаа ч бусад зардлын тухайд компаниудад туслаж, дэмжих хүсэлт тавиад байгаа юм байна.

Эзэн орноос залуучуудын шигшээ багийг О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр бүрдүүлж байгаа аж. Манай улсын сагсчид 50 жилийн түүхэндээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаагүй тул хэсгээсээ шалгарахыг илүүд үзэж байгаа гэв.

Энэ удаагийн азийн аваргад 2016 оны олимпод ази тивээ төлөөлж оролцох баг, тамирчид байгаа юм.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top