Паралимпийн тамирчдаа өнөөдөр үдэж мордууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

“Лондон-2012” паралимпийн XIV их наадам энэ сарын 29-нөөс ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх билээ. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин зургаан төрөлд өрсөлдөх болжээ. Тэднийг өнөөдөр Монгол Улсын шадар сайд, “Олимп хөгжил” сангийн тэргүүн М.Энхболд, тус холбооны тэргүүн Д.Нямхүү, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БТСГ-ын мэргэжилтэн Л.Ням нар хүлээн авч уулзаж амжилт хүсэв. Энэ жилийн наадамд паралимп хорооны 160 гишүүн орны 4200 тамирчин пара спортын 20 төрлөөр 470 багц медалийн төлөө өрсөлдөх аж. Манай тамирчдын хувьд А.Мөнхбат (жүдо бөхийн 60-кг), Д.Ганбат (жүдо бөх 90 кг), Ц.Лхамсүрэн (эмэгтэй төрөлд хийн гар буу 10 митер), Б.Оюун-Эрдэнэ (эмэгтэй төрөлд байт харваа), Б.Жавзмаа (эмэгтэй төрөлд байт харваа), Ч.Мөнх-Эрдэнэ (хөнгөн атлетик, жад шидэлт)-ээр өрсөлдөнө. Монголын паралимпийн тамирчид 2000 оны Сиднейн паралимпийн наадмаас хойш дөрөв дэх наадамдаа оролцож байна. Манай улсын багийн тугийг гавьяат дасгалжуулагч, пара буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуудагч Л.Ундралбат барин жагсана. Пара жүдо бөхийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, байт харваан дасгалжуулагчаар Н.Даариймаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар Б.Батдорж нар ажиллаж байна.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top