Х.Цагаанбаатар: Цаг хугацааг буцааж болдогсон бол...

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн 66 кг-ын жингийн ноёлогч Хашбаатарын Цагаанбаатартай ярилцлаа. Тэрбээр саяхан болсон Их Британийн нийслэл Лондонд болсон зуны XXX олимпийн наадамд зодоглосныхоо дараа “Баянхонгор-2012” бага олимпод хүндэт зочноор уригдсан. Энэ үеэр уулзсан юм. Түүнд Лондонгийн татами дэндүү хатуудаж, хараахан амжилт үзүүлж чадаагүй. Үүнд нь элэг нэгт бид маш их харамссан. Харин өөрөө тэр барилдаандаа ямар бодолтой явааг нь уншигч та энэ ярилцлагаас мэдээрэй.

-“Баянхонгор-2012” бага олимп танд ямар санагдав?

-Сайхан болдог юм байна. Би өмнөх наадамд нь хүрэлцэн ирж чадаагүй. Энэ удаа ирсэндээ таатай байна. Спортын олон төрөл өрсөлдөж байгаа нь маш их авууштай юм. Олон ч тамирчин оролцлоо. Баянхонгорчууддаа баярын мэнд хүргэе. Би саяхан Лондонгийн олимпод оролцож байгаад ирсэн бол бага олимпод хүндэт зочноор уригдаад явж байгаадаа сэтгэл хангалуун байна. Дэлхийд хоёр олимп зохин байгуулагддаг болоо юу даа гэж бодогдож байна шүү.  

-Лондонгийн олимпоос манай улсын жүдочид мөнгө, хүрэл медаль ихэрлүүллээ. Тэднийг медалийн тавцанд зогсч байхад юу бодогдож байв?

-Баярлалгүй яах вэ. Хамгийн гол нь манай тамирчид дэлхийд хэр их хүчтэй гэдгээ нотоллоо. Орос хэмээх том гүрэн олон сайн тамирчинтай хэрнээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярыг ялчихаад ямар их баярласныг харсан биз дээ. Ерөнхийлөгч нь хүртэл.  

-Таны хувьд жаахан харамсалтай барилдсан сэтгэлээр нэг их унаагүй биз дээ?

-Спортын дэвжээ их хатуу шүү дээ. Нэг нь ялагдаж, нөгөө нь ялдаг жамтай хойно. Тэр л зарчим миний барилдааны мөчид үйлчилсэн дээ. Тэгээд ч олимпод муу тамирчин оролцдоггүй. Миний өрсөлдөгч нэг их муу тамирчин байгаагүй.

-Та ялагдсандаа ингэж яриад байгаа юм биш биз?

-Үгүй ээ. Би тухайн үеийн байдлыг л ярьж байна.

-Өрсөлдөгчөөс гадна цагийн зөрүү гараагүй нь нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн гэж хэлэхэд хаашаа юм бэ дээ. Бид зургаан хоногийн өмнө очсон. Спортынхонд уг нь нэг цагийн зөрүү нэг хоногт гардаг гэдэг. Нэг хоног дутуу байсан болохоор магадгүй л юм. Ямар ч байсан би цаг хугацааг буцааж болдог бол буцаамаар байна. Тэгж тэр тамирчинг ялж сэтгэлээ амраахсан. Маш их харамсалтай байна. Дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцоно оо.

-Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох таны багш. Тэмцээний үед хэр их зөвлөгөө өгөв?

-Их зүйл сургасан шиг ээ олон зөвлөгөө өгсөн. Хамгийн гол нь намайг тайван барилдаарай, өрсөлдөгчөө бага үнэлж болохгүй шүү гэж хэлсэн. Харин би өрсөлдөгчөө ялж явсан хэрнээ яарч мэх хийснээс болж ялагдал хүлээсэн.

-Тань шиг асар их туршлагатай тамирчин тийм алдаа гаргана гэдэг байж боломгүй хэрэг байсан. Үүндээ ямар дүгнэлт өгсөн бэ?

-Нэгэнт болоод өнгөрсөн хойно олон юм яриад яах вэ дээ. Жижиг тэмцээн байсан бол яах гэх вэ. Том тэмцээн байсан болохоор надад маш их харамсалтай байна. Дараагийн тэмцээндээ зориулж бэлтгэлээ эрчимжүүлж түүнийг ялахыг хүсч байна.

-Таны хүчтэй өрсөлдөгчид өмнөх даваануудад ялагдсан. Тиймээс та бусад өрсөлдөгчөө хэтэрхий багаар үнэлж байсан юм биш биз?

-Сэтгэл ханасандаа биш ээ. Хамгийн гол нь түрүүлсэн Гүржийн тамирчинг нэг, Унгерийн тамирчинг зургаа ялж байсан болохоор нэг их хатуу самар мэт санагдаагүй. Гэтэл жижиг алдаа гаргаж ялагдсандаа харамсаж байна. Гэхдээ миний тэр ялагдал дараагийн олон тэмцээний ялалтын замыг засч ч байгаа юм бил үү. Би үнэндээ тийм байгаасай гэж бодож байна.  

-Та ялагдсаныхаа дараа нэг хэсэг дэвжээн дээрээсээ буугаагүй. Шоконд орчихсон байсан уу?

-Бодоогүй юм гэнэт болсон болохоор тэрхэн агшинд итгэж чадаагүй юм. Тэгээд л тэр.

-Ерөнхийлөгч, Монголын бурхан шашны тэр­гүүн, Гандантэгчинлэн хий­­дийн тэр­гүүн хамба лам Д.Чойжамц нар таныг барилдахаас өмнө уулзсан гэсэн. Юу гэж захисан бэ?

-“Заавал медаль авахын төлөө хичээж биеэ зовоох хэрэггүй. Эх орноо төлөөлж сайхан оролцоход л болно” гэж хэлсэн. Харин ялагдаад буугаад ирэхэд “Миний хүү сайн барилдлаа. Санаа зоволтгүй. Чи эх орныхоо нэрийг олон удаа гаргасан. Чи өөрийнхөө ялалтыг ялагдлаасаа олон гэдгийг санаарай” гээд үнсэж угтсан.

-Тэр агшинд сэтгэл тань онгойх шиг болсон байх даа?

-Тэгсэн. Хэрвээ бидний дэргэд хүн байгаагүй бол уйлах байсан байх.

-Таныг ялагдахад зарим хүн “Х.Цагаанбаатарын оронд ОУХМ С.Мяарагчааг явуулах байсан юм” гэж ярьж байсан. Хэрвээ та үүнийг сонссон бол нэлээн хүнд санагдсан байх даа?

-Хүн бүр өөр бодолтой учир юу ч гэж хэлж болно. Яг үнэндээ хэн нь ч явсан эх орныхоо нэрийг гаргахын төлөө эцсээ хүртэл өрсөлдөнө. Тэгээд болохгүй байсан бол ялагддаг. Магадгүй миний олимпийн алт эсвэл мөнгөн медаль хүртэх болж тохиохгүй байгаа юм байлгүй.

-ОУХМ С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхэд таны сэтгэл хэр их хөдөлсөн бэ?

-Мэдээж баярлалгүй яах вэ. Элэг нэгт тамирчдынхаа медалийн салхийг хагалахад бусдынх нь хийморь дагаад сэргэсэн. Н.Түвшинбаяр ч гэлээ өөрийгөө агуу тамирчин гэдгээ нотолж мөнгөн медаль хүртлээ.

-Харамсалтай нь тэр хөлөө гэмтээсэн. Хэрэв гэмтээгээгүй байсан бол түрүүлэх боломжтой байсан болов уу?

-Боломж гэхээсээ илүү алтан медалийн эзэн болох байсан. Өмнө нь тэр бөхийг ДАШТ-нд хоёр минутыг дотор хожиж байсан. Тэгээд ч түүнтэй барилдаан нь таардаг. Францын тамирчнаас илүүтэй Оросын бөхтэй барилдах нь амар байсан байх. Хамгийн гол нь хөлөө гэмтээсэнд нь байгаа юм. Би Н.Түвшинбаярыг мөнгөн медаль хүртэхэд нь биш хөлөө гэмтээхэд нь харамссан. Үүнд нь бид зэрэг шоконд орсон.

-Манай улсын жүдочдоос өөр хэн хэн медалийн болзол хангах боломжтой байгаад ялагдав?

-Олимпод муу тамирчин оролцдоггүй гэж би дээр хэлсэн шүү дээ. Манай улсын есөн жүдоч бүгд медаль хүртэх боломжтой байсан.

-Эмэгтэй жүдочдийн хувьд медальгүй хоцорсон. Өрсөлдөгчид нь ширүүн байв уу, өөрсдөө буруу тактикаар барилдав уу?

-Өөрсдийнх нь жижиг алдаануудаас болсон. Түүнээс биш бэлтгэл болон сэтгэл санаанд нь өөрчлөлт гараагүй. Тэд зарим орны тамирчин шиг цагаан хуудсаар олимпод оролцоогүй юм чинь. Тэгээд ч манай улсын эмэгтэй жүдочид дэлхийд улам хүчээ авч байгаа. Цаашдаа тэднийг болон өөрийгөө тэр алдаагаа давтахгүй хүч үзнэ гэж бодож байна.

-Таны гэр бүлийн хүн эх орноо төлөөлж оролцсон ч ард түмнийхээ хүсэн хүлээсэн медалийг энгэртээ зүүж чадсангүй. Танд юун дээр алдчихлаа гэж хэлж байна вэ?

-Тэр тухай бид хоёр тухтай ярилцаагүй. Тэгээд ч би эхнэрийнхээ тэмцээний алдаа, оноог асуудаггүй.     

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top