С.Батцэцэг: Хүрэл медальдаа сэтгэл ханаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

“Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн манай улсын тамирчид өнөөдөр 06:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ удаагийн олимпод тус төрөлд манай улсаас найман тамирчин оролцсоноос нэг хүрэл медалиар энгэрээ гоёсон. Тэр тамирчин бол гавьяат тамирчин, дэлхийн аварга, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэг юм. Түүнийг нисэх онгоцны буудлын VIP өрөөнд МЧБХ-ны удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллага, ар гэрийнхэн нь уран барилдаант заан, МЧБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин багшийнх нь хамт угтсан юм. Энэ үеэр хүрэл медалийн эзэн, багш хоёрын сэтгэгдлийг сонслоо.

С.Батцэцэг: Хүрэл медальдаа сэтгэл ханаагүй


-Монголын түүхэнд чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Олимпийн наадмаас 32 жилийн өмнө медаль хүртэж байсан. Тэр агшныг дахин сэргээсэнд тань баяр хүргэе. Медалийн тавцанд зогсч байх агшинд юу бодогдож байв?

-Сэтгэгдэл өндөр байна. Манай ард түмэн олон олимпийн тэнгэрээс тамирчдаа медаль хүртээсэй гэж гуйж байсан байх. Хэрэв тэгсэн бол би тэр гуйлтыг биелүүлж чадсандаа баяртай байна.

-Бусад тамирчдынхаа тухай яриач. Медаль хүртэх боломжтой тамирчин олон байсан болов уу?

-Олон байсан. Бүгд байсан гэж хэлж болно. Энэ удаагийн олимпийг бид ийм амжилттай өндөрлүүллээ. Дараагийнхдаа илүү олон медаль хүртэнээ.

-Таны өрсөлдөгчдөөс хамгийн ширүүн нь аль улсын тамирчин байв?

-Олон орны шилдэг тамирчид ирсэн болохоор эхний учраанаас л чанга байсан.

-Та хүрэл медальдаа сэтгэл хангалуун байна уу?

-Тамирчин бүр аварга болохыг боддог шүү дээ. Тиймээс бүрэн ханаагүй ээ. Гэхдээ тэр том тэмцээнээс хүрэл медаль хүртэнэ гэдэг чамлахаар амжилт биш.

-Тийм шүү. Тэгээд ч та хоёр жилийн өмнө эмэгтэй чөлөөтийнхнийхөө ДАШТ-ээс 35 жил аваагүй алтан медалийг Москвагийн дэвжээнд 59 кг-д барилдаж хүртсэн. Энэ удаад ч олимпийн наадмаас 32 жил тасраад байсан медалийг авлаа. Үүнд юу хэлэх бэ?

-Үнэхээр их баярлаж байна. Хамгийн гол нь холбоондоо болон багшдаа баярласнаа илэрхийлье.     

З.Дүвчин: Би хэлэх юмаа хэлсэн, тэр ч хийх юмаа хийсэн

-Таны шавь олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулаад ирлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Дэлхийн спортын хамгийн том наадмаас хүрэл медаль хүртсэнд нь маш их баярлаж байна. Тухайн үед хүрэл медалийн болзол хангахад нь шавиараа бахархаж суулаа. Сайн ч өрсөлдөгчидтэй таарсан. Тэр дундаас дэлхийн гурван аварга тамирчин хоорондоо таарч барилдсан нь хүнд байлаа. Шавь маань 2007 онд Архангай аймгийн Хашаат сумаас ирж байсан. Тэр үед өсвөр үеийн улсын аварга болоод байсан юм. Түүнээс хойш долоон жил болоход дэлхийн аварга, олимпийн хүрэл медальтан боллоо.

-Алс улсын бөхтэй таарахад нь таны сэтгэл хамгийн их түгшсэн бэ?

-Зооны аваргын төлөө дэлхийн долоо, олимпийн гурван удаагийн аварга Японы бөхтэй барилдсан шүү дээ. Тэр мөч надад маш их хэцүү байсан. Цаг нь ч зогсчихсон юм шиг санагдсан. Түүнийг ялах юм бол С.Батцэцэгийн зам тэгшрэх байсан. Харамсалтай нь ялагдаж дагах барилдаандаа ялсан. Мөн дэлхийн гурван алт, мөнгөн медальт Канадын бөхийг нэрлэнэ. Гэхдээ Канадын бөхийг ялж хүрэл медаль хүртсэнд нь сэтгэл хангалуун байна.

-Тэмцээний үед таны зөвлөгөөг хэр сайн мөрдсөн бэ?

-Би хэлэх юмаа хэлсэн, тэр хийх юмаа хийсэн. Тэгээд ч С.Батцэцэг сийрэг ухаантай болохоор барилдааныхаа явцыг өөрөө аваад явчихсан.    

-Танай холбоо эх орноосоо мордохдоо ард түмэндээ өндөр амлалт өгсөн. Бусад тамирчид ямар алдаа гаргасан гэж бодож байна вэ?

-Бүгд сайн барилдсан. Медальт байрт ороход нэг нэг хуруу дутсан гэж хэлж болно. Онцолбол 100 кг-д барилдсан ОУХМ, улсын начин Ж.Чулуунбат тив, дэлхийн гурван удаагийн аварга Оросын бөхтэй таарсан. Тэр бөх туршлагатай, илт илүү болохоороо ялсан.    

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top