Паралимпийн бамбар Британийн дөрвөн өндөр цэгт бадамлана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Лондонгийн Олимп ба Паралимпийг зохион байгуулах LOCOG хорооноос мэдээлснээр паралимпийн тоглолт эхлэхээс долоо хоногийн өмнө буюу наймдугаар сарын 22-нд Лондонгийн паралимпийн тоглолтын бамбарыг хамгийн өндөр дөрвөн оргил дээр залан дараа нь буухиаг эхлүүлэхийн өмнө паралимпийн хөдөлгөөний эх орон болох Сток-Мандевилль хотхонд аваачих аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцсон Скаутын хөдөлгөөнийхөн Шотланд дахь Британийн арлуудын хамгийн өндөр уул болох Бен-Невис, Уэльс Сноудоны хамгийн өндөр цэгт, Английн Скофел-Пайк оргил, Хойд Ирландын Слив Донард зэрэг дөрвөн өндөрлөгт авиран олимпийн бамбарыг асаах ба ингэснээрээ Паралимпийн уур амьсгалыг эх орны муж бүрт мэдрүүлэх болно хэмээн LOCOG-ын тэргүүн Себастьян Коу өгүүлжээ.

Дараа нь дөрвөн бамбар муж тус бүрийн нийслэл рүү илгээгдэн тэнд паралимпийн баярын арга хэмжээ зохиогдох аж. Эдгээр үйл явдлын дараа наймдугаар сарын 28-нд хөгжлийн бэрхшээлтнүүдийн эх нутагт дөрвөн бамбар нэгдэж нэг болон орон нутгийн цагаар 20.00 цагт Сток-Мандевиллийн стадионоос Паралимпийн бамбарын буухиа эхлэх юм байна.

Бамбарыг буухиалахад тус бүрдээ 5 хүнтэй 116 баг оролцох ба замдаа Бакингемшир, Хартфордширын нутаг, Лондонгийн төвөөр болон хотын таван районоор дайран өнгөрч наймдугаар сарын 29-ний орой олимпийн цэнгэлдэх хүрээлэнд очин Паралимпийн тоглолтын нээлтийн ажиллагаа эхлэх ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top