Ч.Насантогтох: Энэ удаагийн олимпод оролцсон жүдочид муу барилдсан

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

“Баянхонгор-2012” бага олимпийн наадам хэдхэн хоногийн өмнө хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Тус наадамд олон алдартан урилгаар хүрэлцэн очсон. Тэдний нэг нь БТСГ-ын Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох байв. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Бага олимпийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Лондонгийн олимптой зэрэгцээд энэ аймагт бас нэг олимп зохион байгуулагдаж байгаа нь сайхан хэрэг. Болдогсон бол бүх аймаг энэ жишгээр зохион байгуулаасай. Энэ арга хэмжээ залуучуудад маш их ач холбогдолтой. Үүнийг үзсэн хүүхдүүд биеийн тамир, спортод элэгтэй болж, улмаар ирээдүйн олимп, дэлхийн аварга төрөх үндэс нь болно. Үүнийг зохион байгуулж байгаа тус нутгийн иргэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарт баяр хүргэе. Би хэдхэн хоногийн өмнө Лондонгийн олимп үзээд явж байсан бол энэ удаад эх орныхоо олимпийг үзэж байгаа минь сонин бөгөөд сайхан санагдаж байна.

-2008 оны бага олимпийг үзсэн үү?

-Үзээгүй. Тэр үеэр гадаад руу явчихсан байсан бил үү дээ.

-Энэ наадамд 830 гаруй тамирчин спортын 10 төрлөөр өрсөлдөж байна. Таны бодлоор өөр ямар төрөл нэмж оролцуулбал зүгээр санагдаж байна вэ?

-Ихэнх төрөл орж байна. Дөнгөж сая надад гавьяат тамирчин Н.Энхбат “Боксын төрөл нэмбэл зүгээр юм уу” гэж хэлсэн. Яваандаа үүнээс гадна олон төрөл нэмэгдэх байх аа.

-“Холын хүнээс үг дуул” гэдэг. Та Лондонгийн олимп үзэхдээ мэдээж жүдо бөхийн төрөлдөө гол анхаарлаа хандуулсан байх. Таны бодлоор медаль хүртэнэ гэсэн тамирчид хүслийг тань нимгэлж чадав уу?

-Манай есөн жүдоч эрх авч оролцсон. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням тамирчидтайгаа эх орноосоо мордохдоо “Бид таван медальтай ирнэ” гэж амласан. Би ч тэр үгийг бэлгэшээж, “Тэр медалиудын нэг нь алт байгаасай” гэж бодож байлаа. Гэхдээ хоёр медаль авсан нь сайн хэрэг. Энэ амжилт 32 жилийн өмнө болсон Москвагийн (Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл) олимптой тэнцэж байна. Би эдгээр тамирчдыг жаахан муу барилдсан гэж дүгнэсэн. Уг нь сайхан сугалаа таарсан. Даанч зөв ашиглаж "чулуу" болгож чадсангүй. Гэхдээ хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярыг муу барилдсан гэж хэлээгүй шүү. Тэр хөлөө гэмтээгээгүй байсан бол дахиад аварга болох байсан. Алтын дайтай мөнгө авч дэлхийд хэн гэдгээ дахин нотоллоо.     

-Та хэн хэнийг медаль хүртэнэ гэж бодож байсан бэ?

-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Лхамдэгд нарыг. Тэд цаг дуусаагүй байхад тактикийн том алдаа гаргаж ялагдсан. Энэ үнэхээр харамсалтай. Тавхан минут тэвчиж, тактикийн барилдаан хийсэн бол ялах байсан. Одооноос тэд энэ алдааг байдаг зүйл гээд өнгөрч болохгүй. Дараа дараагийн тэмцээнд үргэлж санаж байх ёстой. Энэ бол маш том гашуун туршлага болно.

-Барилдааны үед та хэнд хамгийн их зөвлөгөө өгсөн бэ?

-Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарт. Н.Түвшинбаяр бид хоёр олимпийн тосгонд очсон өдрөөсөө эхэлж өрсөлдөгчдөө судалж, яаж барилдах, шүүгчид хэрхэн хянаж байна вэ гэдгийг харж ярилцсан. Х.Цагаанбаатарт сайхан сугалаа таарахад нь “Өнөөдөр ингээд олимпийн аварга болдог юм байж ээ” гэж бодсон. Түүнийг барилдахаас өмнө гол өрсөлдөгчид нь ялагдсан юм чинь арга ч үгүй шүү дээ. Харамсалтай нь тэр зөөлөн самраа хатуудуулсан.  

-Тамирчдын сэтгэл санааны бэлтгэл ямар байсан бэ?

-Сайхан тайван байсан. Би зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн шүү дээ.  Гэхдээ тэд тэр үед миний дэргэд байсан шигээ байгаагүй. Би тэднийг хөндлөнгөөс хараад л мэднэ. Учир нь тэд миний удирдлага дор 10 гаруй жил бэлтгэл хийсэн юм чинь.

-Х.Цагаанбаатарын нас нэлээд ахилаа. Ирэх 2016 оны олимпод оролцоход их мэрийлт хэрэгтэй болно доо...

-Тэгнэ. Гэхдээ Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын олимпийн наадам болсон. Дараагийн үе нь ч гараг. Тэд холбоондоо дасгалжуулагч эсвэл хөнгөн ажил хийсэн нь дээр. Х.Цагаанбаатарын хувьд олон жил жин хасч биеэ зовоолоо. Н.Түвшинбаяр ч гэсэн хоёр хөлөө гэмтээлээ. Эрүүл мэндээ бодсон нь дээр.  

-Тэдний хэмжээнд хүрэх тамирчин хэдэн жилийн дотор төрөх бол...?

-Хамгийн гол нь бэлтгэл хийх хэрэгтэй. Аль нэг нутагт байж л байгаа. Түүнийг төрүүлэхийн тулд манай улсын багш, дасгалжуулагч, холбооны удирдлагууд олж, материаллаг баазыг нь хангах хэрэгтэй.        

-Х.Цагаанбаатарын барилдааныг хүмүүс их шүүмжлээд байгаа. Тактикийн алдаанаас гадна өөр зүйл нөлөөлсөн болов уу?

-Тамирчин хүний нэг хоногийн цагийн зөрүү нэг өдөртэй тэнцдэг. Тэд зөрүүгээ гаргахын тулд долоо хоногийн өмнө очих ёстой. Гэтэл зургаан хоногийн өмнө очсон. Энэ нөлөөлсөн байх талтай. Би дээр Х.Цагаанбаатарын барилдааны талаар ярьсан болохоор одоо илүүц. Түүний алдааг дасгалжуулагчтай нь тооцох ёстой.

-Тэмцээнд явахаас нь өмнө та цагийн зөрүүний талаар холбооныхонд нь хэлсэн үү?

-Хэлсэн. Эрдэм шинжилгээний алба гэж манай биеийн тамир спортын газарт байдаг. Энэ албаныхан ч хэлсэн. Тамирчин болон дасгалжуулагчид хувийн асуудалтай байгаад л хойшилсон байх.

-С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэнэ гэдэгт хэр итгэлтэй байв?

-С.Ням-Очир олимпоос медаль хүртэх хэмжээний бөх.

-Та БТСГ-ын Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч хүний хувьд элэг нэгт тамирчдынхаа оролцсон тэмцээнүүдийг мэдээж үзсэн байгаа. Жүдогоос гадна аль төрөлд найдлага тавьж байв?

-Бокс. Энэ төрөл хамгийн хэцүү нь шүү дээ. Олимп эхлэхээс дуустал нь жингээ барина гэдэг тэдний хувьд ринг дээрээ гарч тоглохоос дутахгүй шалгуур болдог.    

-Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарт Засгийн газараас 50, 30 сая төгрөг олгосон. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга холбооноосоо 500, 300 сая төгрөг амласан. Тэгэхээр Засгийн газар тамирчдаа дэндүү муу үнэлж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Тамирчдын шагнал үнэхээр бага байгаа. Дээрх хэмжээний мөнгө наад зах нь нэг өрөө байрны үнэд хүрэхгүй. Олимпийн медаль бэсрэг наадмаас хүртэж байгаатай адилгүй. Ялсан нь яаж баярлаж, ялагдсан нь хэрхэн харамссаныг та телевизээр харсан биз дээ.

-Та хэдхэн сарын өмнө ахлах дасгалжуулагчаар ажиллаж, тамирчидтайгаа баг болж явж байсан. Харин өнөөдөр зөвлөхөөр ажиллаж, зөвхөн жүдо гэлтгүй бүх спортын төрлийн тамирчидтай харьцаж байгаа. Тэмцээний үед энэ хоёрын хооронд ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

-Тамирчид маань ном их уншиж, шинжлэх ухаантай харьцаж баймаар байна. Зөвхөн бэлтгэлдээ анхаараад байвал амжилт буурдаг нь бусад орны тамирчдаас анзаарагдлаа.

-Хэр их нервитсэн бэ?

-Гайгүй ээ. Гэхдээ жүдогоо харахаар “Тийм мэх хийгээсэй. Одоо ингээсэй” гээд нэг л хэцүү юм билээ.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(159.255.167.35) 2015 оны 04 сарын 04

5031f06cb9aaf10295a17fca86ac06 44

0  |  0
(183.108.26.26) 2015 оны 03 сарын 13

I believe that you are wrong,

0  |  0
(104.128.94.75) 2014 оны 07 сарын 23

Hello, I think your website might be having browser compatibility issues. When I look at your blog in Safari, it looks fine but when opening in Internet Explorer, it has some overlapping. I just wanted to give you a quick heads up! Other then that, excellent blog!

0  |  0
Top