Сагсчдын нээлт эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Монголын сагсан бөмбөгийн холбооноос санаачлан Спортын төв ордон “Буянт-Ухаа” цогцолбор хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээн маргааш болох гэж билээ. Манай сайт уншигч танаа хэдхэн цагийн өмнө тус холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилын ярилцлагыг хүргэсэн. Иймээс энэ удаа дөнгөж сая болсон нээлтийн арга хэмжээний талаар сонирхуулъя. Нээлтийг нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Азийн сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Хагоп Хажириан нар үг хэлж нээсэн юм. Э.Бат-Үүл, Ч.Наранбаатар, Ц.Мөнх-Оргил нар “Азийн сагсан бөмбөгийн тэмцээн анх удаа манай улсад зохион байгуулагдахаар болсон явдалд таатай сэтгэгдэл төрүүлж байна. Манай улсыг зорин ирж, авхаалж самбаагаа сорих гэж байгаа нийт гадаадын тамирчдад амжилт хүсье. Мөн өөрийн орны тамирчдадаа алтан медаалиар энгэрээ гоёно  гэдэгт итгэлтэй байна” гэв. Тэгвэл Хагоп Хажириан “Сүүлийн үед энэ спортын төрлөөр Монгол Улсын тамирчид сайн тоглож байгаа. Олон улсын тэмцээнд ялалт байгуулсан нь өрсөлдөгч бидний сэтгэлийг хожих вий гэсэн айдсаар түгшээх юм. Гэхдээ туршлага солилцох журмаар сайхан тоглох тул маргаашийн өдөрийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид урын сангаасаа толилуулж, босоо хүлээн авалтаар өндөрлөлөө.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top