Ерөнхийлөгчийн зарлиг ард түмнийг баярлуулсан гэдэгт итгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

“Монгол төр одооноос л тамирчдынхаа зовлонг ойлгодог боллоо. Ашгүй дээ” гэх үгийг би хэдхэн хоногийн хугацаанд мөн ч олон хүний амнаас сонслоо. Энэ нь тамирчдынхаа жаргал, зовлонг ойлгодог ард түмний амнаас гарах ёстой үг мөн. Үүнийг уншаад уншигч та намайг юуны тухай бичих гэж байгааг гадарласан биз ээ. Хэрэв гадарлаагүй бол саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмаас алтан медаль хүртсэнд нь дөрөв, мөнгө, хүрэл медаль хүртсэнд нь гурав, хоёр сая төгрөг. Харин ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртвэл хоёр, нэг, 500 мянган төгрөгийг сар бүр олгох тухай зарлиг буулгасан. Үүнийг л би сайшааж бичих гэж байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгчийгөө ямар ч улс төржүүлэхгүйгээр. Уучлаарай, хардалт дунд амьдарч байгаа болохоор ингэж сануулахгүй бол болохгүй юм шиг санагдаад. Эх орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчдаа ингэж сайхан урамшуулж, дэмжиж байгаа юм чинь сайнаар бичихээс ч яах вэ дээ. Олон хүн энэ зарлигийг сонсоод тамирчидтайгаа хамт баярласан биз. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр жилд 84 сая төгрөг авна. Энэ мөнгийг тэр чин шударга хөдөлмөр, авьяасаараа авч байгаа болохоор бүрэн эрхтэй. Зарим нэг нь “Тамирчин болж баяжъя” гэж хэлж байна билээ. Олимпийн аварга цөөхөн төрдөг шиг хүссэн болгон тамирчин болохгүй болохоор Н.Түвшинбаяр зэргийн тусгай гавьяатай хүн сар бүр дээрх хэмжээний мөнгийг авах нь зүйн хэрэг.

Спорт гэдэг бусад салбарыг бодвол залуу насны ажил. Иймээс идэр насандаа хичээхгүй бол амжилт үзүүлэхэд хүндрэлтэй. Гэвч тэд хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар хувийн асуудалдаа санаагаа чилээх тул бэлтгэл, тэмцээндээ анхааралаа бүрэн төвлөрүүлж чадахгүйд хүрдэг. Үүнээсээ болж спортоо орхиход хүрнэ. Харин одоо Ерөнхийлөгч тамирчдад “Тэвч, итгэ, чад” гэсэн гурван үг хэлэх шиг боллоо. Энэ нь "Хэрвээ та нар олимп болон ДАШТ-нд медаль хүртэж чадах юм бол энэ хэмжээний мөнгийг би Засгийн газараасаа өгүүлж чадна" гэж хэлж байгаатай адил юм чинь. Ерөнхийлөгч тамирчдыг хүлээж авах үед цөөн тамирчны сэтгэгдлийг сонсоход “Өмнөх Ерөнхийлөгч нарт олон хүн энэ талаар санал тавьсан гэдэг. Тэд даанч хүлээж аваагүй. Ардчилсан Ерөнхийлөгч гарснаас хойш бидэнд ийм их тус болж байгаад нь талархаж байна” гэж хариулсан. Муугаар ярихад хэн нэг нь ямар нэг тэмцээнд оролцож байгаад бэртэж зодог тайлбал хөдөлмөрийн чадвараа алдсан ч сард доод тал нь хагас сая төгрөг аваад сууж байх нь. Тиймээс тэдний ар талын баталгааг ч батжуулж байгаагийн илрэл юм. Өнөөдөр Н.Түвшинбаярыг жилд 84 сая төгрөг авах нь гэж шүлсээ гойжуулах хүн олон. Гэхдээ тэр хоёр олимпод дараалан жиндээ ноёллоо. Монгол Улсын нэр хүнд ч өслөө. Иймд түүнд жилд энэ хэмжээний мөнгө өгөх нь юу ч биш. Тэр ч байтугай Улсын Баатар цол түүнд зохино.

Дээрх яриа руугаа эргэн ороход чөлөөт, жүдо бөхөөр бэлтгэл хийж байсан залуус “Энэ спортын төрөл намайг сайхан амьдралд хүргэхгүй нь. Үндэсний бөхөөр хичээллэж байгаад ядаж аймаг, сумын наадамд зодоглоё” гээд хаалгаа тас чулуудаж гарч байсан үе бий. Багш нар нь “Чи буруу сонголт хийлээ дээ. Хичээл зүтгэл талаар болдоггүй юм” гэж хүртэл хэлж байсан гэдэг. Гэвч сэтгэл нь шулуудсан хүн тэргэндээ ороод зүтгэсэн үхэр шиг эргэх биш, өнгөрсөн хойно нь хоосон харамсал тээгээд үлдэцгээсэн. Тэгвэл тэдний зарим нь саяхан өнөө голоод байсан сонгомол бөхийн төрөлдөө орох гэж байгаа сураг дуулдана. Тэр ч байтугай олон аав, ээж хүүхдүүдээ тамирчин болгохоор сэтгэл шулуудуулжээ. Энэ байдал яваандаа спорт гавихгүй хөгжиж байсан манай улсад олон олимп, дэлхийн аварга төрөх найдвар гарч байгаа юм. Тухайн улсын хөгжлийг спорт, соёл урлагаар нь хэмждэг гэдэг. "ОХУ, БНСУ, Хятад зэрэг орон шилдэг тамирчдадаа 10 гаруй жилийн өмнөөс өндөр цалин олгодог байсан гэдэг. Гэхдээ манай улс шиг олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад бус спартикадиас хүртэл медаль хүртвэл цалинжуулдаг гэсэн" гэж ардын багш, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав Буриадад болсон олон улсын тэмцээнд тамирчидтайгаа оролцож байхдаа бусад улсын дасгалжуулагч нартай ярилцсанаа хэлсэн. Дээрх улсын тамирчид яагаад олон тэмцээнд оролцож, сайхан амжилттай эх орон руугаа буцаж байгаа вэ гэвэл зөвхөн энэ. Тэднийг тухайн улсынхан нь “Бид та нарын ар талыг хариуцна. Хувийн амьдралдаа битгий санаа зов. Зөвхөн бэлтгэлдээ л анхаар” гээд хүссэн болгоныг нь бэрд шиг биелүүлдэг юм чинь арга ч үгүй байгаа биз дээ.  

Нэг зүйл жишээ болгоё. Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 1994 онд Японы Хирошима хотод болсон ААШТ-д чөлөөт бөхийн төрөлд оролцох гэхэд нь зардал олдоогүй гэдэг. Мань хүний спортод хорхойссон үе нь болохоор гурван өрөө байраа барьцаанд тавьж хувиасаа зардал гаргаж оролцон түрүүлж шагналынхаа мөнгөөр байраа барьцаанаас салгаж байсан түүхтэй. Тухайн үед Азийн наадмаас алтан медаль авах нь байтугай хүрэл авахад хэцүү байсан. Гэвч түүнийг манай төр жишим ч үгүй өнгөрүүлсэн. Тэр ч байтугай түүнийг 1993 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд ирэхэд нь хүний урманд ганц ширхэг цэцгийн баглаа барьж онгоцны буудал дээр угтаагүй. Тэр үед чөлөөт бөхийн холбооныхон нь түүнд "Гавьяат цол өгөх байх" гэж их л хүлээсэн гэдэг. Гэвч хойшлуулсаар таван жилийн дараа өгсөн. Ц.Цогтбаяр үүнд нь дэндүү их гомдсон байдаг юм билээ. Хэрвээ түүнийг тухайн үед нь шагнасан бол дэлхийн аваргын хүрэл медаль хүртэх байтугай олон амжилт гаргаж, өөрийнхөө болон эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах байсан гэж ахмад тамирчид ярьдаг. Тэгээгүйгээс тэрбээр нэг хэсэг архинд орсон. Хүн өөрийгөө барьж чаддаг байх хэрэгтэй ч чадаагүй үе түүнд ирсэн нь тэр. Гэхдээ Ц.Цогтбаяр одоо ахтайгаа чөлөөт бөхийнхөө төлөө зүтгэж “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Спортдоо чин сэтгэлээсэй хайртай хүн ийм л байдаг юм байна. Тэр олон ч шавь төрүүлсэн гавьяатан. Жишээ нь Азийн XVI наадмын алтан медальт “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, дэд ахлагч Г.Мандахнаранг нэрлэж болно. Би Ц.Цогтбаярын тухайн бичсэн шалтгаан нь түүний дайтай алт шиг залуус манай улсад одоо олон бий. Амжилт гаргах хүн нь ч олон байна. Түүнд тохиосон гашуун дурсамж энэ үеийнхэнд тулгараагүй дээр нь Ерөнхийлөгч маань цагийг нь олж зарлиг буулгасан нь том найдлагын эх үүсвэр боллоо. Хүнийг цаг тухайд нь үнэлнэ гэдэг энэ л байх даа. Ерөнхийлөгчийнхөө найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд эдгээр тамирчин олон олон амжилт үзүүлж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг, эгшиглэнт төрийн дуулалтайгаа өргүүлэх биз ээ. Ард түмэн тань танд итгэж Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн шиг тамирчид маань таны сонголтыг хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэж байна. Чингисийн зориг шингэж, эх талынх нь харц ухаанд нь ууссан болохоор альхан улсын дэвжээ тамирчин та бүхнийг мөнхөд ивээсээр байг ээ.        

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top