62 настай сэлэгч эмэгтэй далайн хоолойг гаталж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Америкийн алдарт сэлэгч Дайна Найад Куба, АНУ хоёрыг тусгаарладаг Флоридийн хоолойг хөндлөн сэлж гарахаар амжилттай оролдлого хийж байгаа ба Мягмар гаригт сэлэлтээ дуусгах ажээ.

62 настай тамирчинг дагалдаж буй дэмжигч багийн гишүүдийн мэдээллээр өнгөрөх шөнө Найад далайн мөгөөрснүүдийн довтолгоонд өртсөн байна. Тэр хэдийгээр зөвхөн нүд, ам, хамраа ил гаргасан тусгай өмсгөлтэй байсан хэдий ч дөрвөн газар хазуулсан бөгөөд хоёр нь Chironex Fleckeri хэмээх аюултай хорт далайн мөгөөрсний хазалт байжээ.

Эдгээр далайн биетүүд дэндүү олон байснаас тамирчин эмэгтэй нуруугаараа хэвтэн сэлэх шаардлагатай болж, харин өглөөгүүр нөгөө амьтад зайлсны дараа чөлөөт стилээр сэлэлтээ үргэлжлүүлсэн байна.

Өнгөрөгч Бямба гаригт Гавана хотоос гараагаа эхэлсэн Найад одоогийн байдлаар 34 километр орчим зайг туулаад байгаа аж. Түүний тооцоолсноор Флоридагийн хамгийн өмнө хэсэгт орших Флорида-Кис арлын районд Мягмар гаригт аяллаа дуусгах юм байна.

Д.Мигаа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top