Оросын алдарт теннисчин Мария Шарапова Нью-Йорк хотод “Шугарпова” нэртэй амттан үйлдвэрлэлийн хувийн компаниа танилцууллаа.
Түүний амтатны цуглуулгад 12 төрлийн уруул, теннисний бөмбөг, цох хорхой, бамбарууш, од, зүрх болон бусад хэлбэр дүрс бүхий резин чихрүүд орсон аж. Төрөл бүр нь өөрийн гэсэн оноосон нэртэй юм байна.
Тэрээр өөрөө амтатанд асар дуртай учраас чихрүүд нь чин сэтгэлийн хайр шингэн бүтээгдсэн хэмээн Шарапова өгүүлжээ.
Теннисчин бүсгүй маань өөрийн дуртай амтатныг дэлгүүрүүдээс олж чадахгүй байсан тул өөр шигээ сонирхолтой хүмүүст зориулан шинэ брэндийг зохиож гаргасан байна.
Чихрүүд нь одоохондоо зөвхөн АНУ-д худалдаалагдаж байгаа ба тун удалгүй Их Британи болон бусад орнуудад зарагдах аж. Түүнээс гадна, амтатныг интернетээр дамжуулан худалдан авч болно хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.
Нэг хайрцаг чихэр нь 142 грамм жинтэй бөгөөд 6 доллар орчим үнэтэй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )