Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор ОХУ-ын Спортын яам, Оросын оюутны спортын холбоо, Бүгд найрамдах Татарстан үндэсэн, Залуучууд, Спорт, Аялал жуулчлалын яам, Казань хотын захиргаа хамтран Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын дөрөвдүгээр тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Ирэх сарын 4-9-нд болох тус тэмцээн нь ОХУ-ын Казань хотноо болно.
Энэхүү тэмцээнд сэлүүрт завь, каное завь, буудлага зэрэг гурван спортын төрлөөр 30 гаруй орны 500 орчим оюутан тамирчин 17 ганцаарчилсан, багийн төрөлд 34 алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Манай улсын оюутны спортын холбоо тус тэмцээнд шигшээ багаасаа Н.Баяраа, Б.Бишрэл нарыг оролцуулахаар болжээ. Н.Баярмаагийн хувьд 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо болсон 26-р Универсиад их наадамд эрэгтэйчүүдийн багийн төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан билээ. Мөн энэ оны олимпод оролцсон. Багийн ахлагчаар Д.Баттөр, дасгалжуулагчаар С.Адилбиш, Ц.Өлзийбаяр, Ж.Ганхуяг, О.Энхсайхан, тамирчнаар Т.Баярцэцэг, Я.Заяа, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Д.Энхзул, Т.Гантуул, Х.Бямбабаатар, Н.Цэрэнтогтох, Б.Батбуян, Э.Даваахүү, Б.Булганбаатар оролцоно. Баг тамирчид одоогоор өөрийн нийслэлдээ Техник спортын төвд бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Оролцогчид 2013 онд тус хотод болох Универсиадын наадмаар тамирчдыг байрлуулах зорилгоор баригдсан тосгонд байршина. Энэхүү тосгоныг 2011 онд ашиглалт оруулсан ба 274,000 м2 талбайтай, 53 га газарт барьжээ. Универсиад наадмын үеэр нэг дор 12,976 төлөөлөгчдийг зэрэг байрлуулах 28 байшин байгаа аж. Тосгонд бүх төрлийн үйлчилгээний газар байрласан бөгөөд Казань хотын Приволски дүүргийн Париний гудамж дагуу байрлалтай автобус ба “Проспект Победи” нэртэй метроны буудал ойрхон байдаг гэнэ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )